
Баянхошууны спорт цогцолборын барилгын ажил өндөрлөж, энэ намар ашиглалтад орох төлөвтэй байна. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд хэрэгжиж буй уг бүтээн байгуулалт нь Баянхошуу дэд төвийн чухал бүрэлдэхүүнд тооцогдож байна.
Цогцолборын барилгын ажлын явц одоогоор 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэдийн мэдээлснээр үлдсэн ажлуудыг ирэх саруудад дуусгаж, намартаа багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Энэхүү спортын цогцолбор нь 650 хүний суудалтай танхимтай бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөгийн зориулалтын талбай, 25 метрийн урттай хоёр усан зам, хүүхдэд зориулсан усан сан, жүдо, чөлөөт бөх, бокс, фитнес зэрэг олон төрлийн спортын зориулалттай заал бүхий иж бүрэн байгууламж юм. Мөн олон нийтийн хөгжлийн төвтэйгөөр төлөвлөгдсөн тул зөвхөн тэмцээн уралдаан зохион байгуулах бус, оршин суугчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл бүрдүүлэхэд чиглэжээ.
Баянхошуу дэд төв нь зөвхөн спортын төдийгүй ногоон байгууламж, амралт зугаалгын талбайн бүтээн байгуулалтад мөн анхаарч буй. Ойролцоох Баянхошуу хайрханы бэлд цэцэрлэгт хүрээлэн, хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн талбай, дугуйн зам, усан оргилуур бүхий амралтын цогцолборыг зэрэгцүүлэн хэрэгжүүлж, орчныг иж бүрнээр шинэчлэх ажил үргэлжилж байна.
Нийслэлийн захын дүүргүүдийн дунд орчин үеийн спортын дэд бүтцийг төвлөрүүлсэн энэхүү төсөл нь хүүхэд залуусын эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чухал алхам болж байгаа юм.