- 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг багтсан цогцолбор төлөвлөгджээ.
- Барилгын ажлыг БНСУ-ын “Ил Сүнг” компани гүйцэтгэж байна.
- Хороолол нь ипотекийн зээлд хамрагдах боломжтой, орлогод нийцсэн орон сууц байх юм.

Улаанбаатар хотын баруун хэсэгт орших Баянголын аманд 2007 айлын орон сууцны цогцолбор бүхий шинэ хороолол баригдаж байна. Энэ нь Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутагт, нийт 10 га газрыг хамарч буй томоохон төсөл бөгөөд залуу гэр бүл, ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийг зорилтот бүлэгтээ багтааж буйгаараа онцлог юм.
Уг хороолол нь Монгол Улсын Засгийн газрын Орон сууцжуулах Үндэсний хорооны санаачилгаар, БНСУ-ын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж байгаа ажээ. Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сүнг” хувьцаат компани шалгарсан бөгөөд барилгын ажлыг 2024 оны гуравдугаар сараас эхлүүлсэн. Төслийг 2027 оны гуравдугаар улиралд дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвтэй байгаа аж.
Шинээр баригдаж буй хороолол нь 1-3 өрөө бүхий 17 блок 10 давхар орон сууцнаас бүрдэх бөгөөд нийт орон сууцнууд нь эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн загвартай байх юм. Суналттай төлөвлөлтийн хүрээнд орон сууцны талбайн хэмжээ 38-47 ам метрийн таван төрлийн сонголттойгоор зах зээлд нийлүүлэгдэхээр төлөвлөгдсөн байна.
Мөн тус хороолол нь 960 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогц байгууламжтай байхаар төлөвлөгдсөн. Оршин суугчдын тав тухыг хангах үүднээс байгальд ээлтэй ногоон байгууламж, орц-гарцын аюулгүй төлөвлөлтийг урд болон хойд талд шийдэж өгсөн талаар гүйцэтгэгч компанийн төлөөлөл мэдээлжээ.
Баянголын ам нь нийслэлийн шинэ суурьшлын бүсийн нэгээр тодорхойлогдож, нийт 450 га газарт 75 мянган хүн ам оршин суух хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Уг бүс нутагт хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь хотын тэлэлтийг дэмжих, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх томоохон алхам болж байна.