- Hulu-ийн үлдсэн 33 хувийг 9 тэрбум ам.доллараар бүрэн худалдан авав.
- Үнэлгээний маргааныг 438.7 сая ам.долларын нэмэлт төлбөрөөр эцэслэв.
- Disney+ болон ESPN-ийг нэгтгэх дижитал платформын нэгдлийн суурь тавигдав.

Walt Disney компани стриминг платформ Hulu-ийн үлдэгдэл хувьцааг худалдан авах эцсийн тохиролцоонд хүрч, Comcast-д 438.7 сая ам.долларын нэмэлт төлбөр хийхээр болов. Энэхүү хэлцлээр Disney компани Hulu-г бүрэн эзэмших эрхтэй болж, нийт худалдан авалтын дүн 9 тэрбум ам.долларт хүрээд байна.
Disney анх 21st Century Fox-ийн зугаа цэнгэлийн бизнесийг 2019 онд авснаар Hulu-ийн 67 хувийг эзэмшдэг болсон түүхтэй. Тухайн үед хоёр тал платформын нийт үнэлгээг 27.5 тэрбум ам.доллараар тогтоож, үлдсэн 33 хувийг Disney ирээдүйд худалдаж авах опшны нөхцөлтэй гэрээ байгуулсан байв.
Гэвч 2023 оноос эхлэн уг хэлэлцээний үнэлгээнд маргаан өрнөж, хоёр тал тус тусын актуарчдыг томилсон ч дүгнэлтүүд зөрүүтэй гарсан юм. Эцэст нь гурав дахь, бие даасан үнэлгээний компани оролцож, Disney нэмэлт 438.7 сая ам.доллар нэмж төлөхөөр шийдвэрлэсэн нь олон жилийн маргааныг эцэслэжээ.
Хэлцэл нь долдугаар сарын 24-ний дотор хаагдаж, Disney-ийн 2025 оны III улирлын санхүүгийн тайланд тусгагдах юм. Гэхдээ компанийн мэдээлснээр уг хэлцэл богино хугацааны ашигт нөлөөлөхгүй бөгөөд өмнө нь зарласан санхүүгийн төлөвлөгөөнд өөрчлөлт орохгүй гэжээ.
Disney-ийн гүйцэтгэх захирал Боб Айгер “NBCUniversal-тай олон жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийлж байна” хэмээн мэдэгдээд, цаашид Hulu, Disney+ болон ESPN платформуудыг илүү уялдаатайгаар нэгтгэх ажлыг эрчимжүүлэхээ илэрхийлсэн байна. Энэ нь компанийн стриминг стратегийг нэг экосистемд төвлөрүүлж, хэрэглэгчийн туршлагыг бүрэн шинэчлэх зорилготой алхам гэж үзэж байна.
Comcast 2020 оноос хойш өөрийн Peacock нэртэй стриминг үйлчилгээг хөгжүүлж байгаа бөгөөд тус компани энэ хэлцлээс нийт 10 тэрбум ам.долларын орлого олсон гэж дүгнэж байна. Hulu одоогоор 50 сая гаруй хэрэглэгчтэй бол Disney-ийн нийт стриминг хэрэглэгчийн тоо 180 саяд хүрчээ. Харин Comcast-ын Peacock үйлчилгээ 41 сая хэрэглэгчтэй байгаа нь зах зээлийн өрсөлдөөнийг улам хурцатгаж байна.