
Оюу Толгой төслийн гүний бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орж, Rio Tinto компани эхний ээлжинд хоёрдугаар бүсийн өмнөд блокоос олборлолтыг эхлүүлэхээр боллоо. Энэ нь тус компанийн болон Монгол Улсын Засгийн газрын хамтарсан “Оюу Толгой” ХХК-ийн лиценз эзэмших нөхцөлтэй холбоотой маргаан үргэлжилж, Entrée Resources-ийн талбайд төлөвлөсөн ажлыг түр зогсоох шийдвэртэй холбоотой юм.
Rio Tinto компанийн зүгээс 2028–2036 оны хооронд жилд дунджаар 500 мянган тонн зэс олборлох зорилтоо хэвээр хадгалж байгаа ч тус хугацаанд олборлолтыг тасалдуулахгүйн тулд одоогоор илүү хүртээмжтэй байгаа хоёрдугаар бүсийн өмнөд хэсгийг нэн тэргүүнд ашиглалтад оруулахаар болсон байна. Нэгдүгээр бүсийн хөндлөн нэвтрэлтийн ажил дөнгөж эхэлж буй үед ийм шийдвэр гаргах нь эрсдэлээс сэргийлсэн оновчтой алхам гэж тус компанийн Зэсийн гүйцэтгэх захирал Кэти Жэксон тайлбарлав.
Түүнчлэн хамтарсан хөрөнгө оруулалтын бүсээс гадуурх нэгдүгээр бүсийн хэсгүүдэд хязгаарлагдмал хүрээнд ажил үргэлжилнэ. Харин Entrée Resources компанийн хувьд лицензийн шилжүүлэг удааширч байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Стивен Скоттын мэдээлснээр “Шивээ Толгой” болон “Жавхлант” талбайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Оюу Толгой” ХХК-д шилжүүлэх асуудал 2025 оны хоёрдугаар сард эхэлсэн ч одоог хүртэл бүрэн шийдэгдээгүй хэвээр байна.
Тэрбээр тусгай зөвшөөрөл шилжүүлэх ажлыг 2008 оны хөрөнгө оруулалтын гэрээ болон 2009 оны Оюу Толгойн гэрээгээр тогтоосон зайлшгүй биелүүлэх нөхцөл гэж тодотгосон бөгөөд хэрэв нэгдүгээр бүсийн “Lift 1” нэртэй олборлолтын бүсийн ажил удааширвал өртөг нэмэгдэж хугацаа хойшлон, Entrée компанийн санхүүгийн үзүүлэлт болон хувьцааны ханшид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг сануулжээ.
Оюу Толгой нь дэлхийд зэс, алтны томоохон нөөцтэй ордын нэгт тооцогддог бөгөөд Rio Tinto компанийн өсөлтийн стратегийн чухал бүрэлдэхүүн, Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч хэвээр байна. Ил олборлолт 2011 онд эхэлж, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2013 онд ашиглалтад орсноор анхны экспорт хийгдсэн бол гүний олборлолт өнгөрсөн оноос эхэлж, төслийн хоёр дахь шат руу орсон билээ.
Rio Tinto 2025 оны зэсийн олборлолтын төлөвлөгөөг 780–850 мянган тонн гэж хэвээр хадгалсан ч Entrée бүсийн лицензийн асуудал түргэн хугацаанд шийдэгдэх эсэх нь тус төслийн дараагийн үе шатыг тодорхойлохоор байна.