bnr-0
Кузбассын нүүрсний салбарын уналт 2.8 тэрбум ам.долларын төсвийн хохирол дагуулах төлөвтэй
06 сарын 12, 2025
ХУВААЛЦАХ
  • Оросын нүүрсний гол бүс Кузбасс ирэх онд 126.5 сая ам.долларын орлого тасалдана.
  • 2024 онд бүс нутгийн төсөв 896 сая ам.доллараар тасарсан бөгөөд үүний дийлэнх нь ашигт малтмалын татварын уналтаас шалтгаалжээ.
  • Нүүрсний компаниудын цэвэр алдагдал 2025 оны эхний улиралд 1 тэрбум ам.доллар давж, жижиг дунд бизнесүүд шууд хүнд байдалд орж эхэлжээ.
Үүний цаана Кузбассын орон нутгийн хөгжил, нийгмийн үйлчилгээний санхүүжилт эрсдэлд ороод байна.

Оросын нүүрсний үйлдвэрлэлийн төв Кузбасс бүс нутагт нүүрсний олборлолт болон үнийн бууралтаас үүдэн 2025 онд улсын болон орон нутгийн төсөвт 126.5 сая ам.долларын орлого тасалдах урьдчилсан тооцоо гарлаа. Энэ талаар ТАСС агентлаг мэдээлжээ.
2024 оны байдлаар Кузбасс мужийн төсөв 896.6 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Үүний 736.6 сая нь зөвхөн ашигт малтмалын нөөцийн ашгийн татварын буурснаас шалтгаалсан гэж тайлбарлажээ. Нүүрсний үнэ болон экспортын бууралтаас үүдэн энэ зардал улам өсөх хандлагатай байна.
Тус бүсийн төсвийн гүйцэтгэл 2025 он гарсаар улам дордож, эхний улиралд л гэхэд 63.5 сая ам.долларын орлого тасалдаад буйг бүсийн захирагч онцлов. Энэхүү алдагдал зөвхөн олборлогчдоос хамаарахгүй бөгөөд тэдгээртэй уялдсан тээвэр, хамгаалалт, хүнсний үйлчилгээ зэрэг жижиг дунд бизнесүүдэд шууд нөлөөлж эхэлжээ.
Кузбасст нүүрсний нэг уурхайчны ажлын байр гурван хавсарсан үйлчилгээний ажилтныг тэтгэдэг байна. Иймээс олборлолт цаашид буурч, уурхайнууд зогсвол эдгээр бизнесийн орлого, ажлын байр шууд алдагдах юм. Кузбасс нь Оросын нүүрсний олборлолтын 50 хувийг дангаараа бүрдүүлдэг. 150 гаруй нүүрсний компани тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж, 110 мянга гаруй хүнийг ажлын байраар хангадаг. Эдгээр компаниудын татвар нь бүс нутгийн төсвийн гол тулгуурт багтдаг.
Гэсэн ч салбарын санхүүгийн үзүүлэлт огцом суларчээ. 2025 оны эхний улиралд Кузбассын нүүрсний компаниудын цэвэр алдагдал 1.014 тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 дахин их үзүүлэлт юм. Харин өнгөрсөн онд энэ дүн ашигтай гарч, 59.7 сая ам.доллартай тэнцэж байв.
ОХУ-ын Статистикийн газрын мэдээлснээр ашиггүй ажиллаж буй нүүрсний компаниудын эзлэх хувь 61.8 хувь болж өссөн нь өнгөрсөн оны 50 хувийг давсан үзүүлэлт юм. Энэ нь зөвхөн уурхайн компаниуд бус, бүсийн эдийн засгийн нийт бүтцэд нөлөөлж байгааг харуулж байна.
Нүүрсний салбарын уналт нь зөвхөн байгалийн баялгийн үнээс бус тээвэр логистик, олон улсын зах зээлийн өөрчлөлт, экспортын чиглэл дэх дарамтаас ч мөн хамаарч байна. Үүний цаана Кузбассын орон нутгийн хөгжил, нийгмийн үйлчилгээний санхүүжилт эрсдэлд ороод байна.   

mobile-logo