- Илүү тэжээллэг хүнс хурдан муудна гэж үздэг ойлголт хэрэглэгчдийн зан төлөвт нөлөөлж байна.
- Хаяг шошгоны тодорхой бус байдал нь эргэлзээ үүсгэж, эрүүл хүнсийг илүү ихээр хаяхад хүргэдэг.
- Савлагаа, шошгоны стандартыг нэг мөр болговол хаягдал буурах боломжтой гэж судлаачид үзжээ.

Эрүүл хооллолтыг зорьдог хүмүүсийн дийлэнх нь нэг ижил шалтгааныг нэрлэдэг: ийм хүнс хурдан мууддаг учраас байнга хаягддаг. Виржиниа их сургуулийн судлаачдын ахалсан олон улсын багийн шинэ судалгаагаар энэ ойлголт хэрэглэгчдийн худалдан авалтад хэрхэн нөлөөлж байгааг анх удаа цогц байдлаар тогтоожээ.
Канад, АНУ, Их Британи, Өмнөд Солонгосын 3,500 гаруй хэрэглэгчийг хамарсан судалгаанд оролцогчид эрүүл мэндэд ашиг тустай гэж үзсэн хүнсийг бусдаас илүү хурдан мууддаг хэмээн үнэлсэн байна. Жишээлбэл, тараг, уурагт амттан, “цэвэр” хэмээх шошготой бүтээгдэхүүнүүд илүү богино настай гэж үзсэн бол чипс, печень зэрэг илчлэг ихтэй боловч шим тэжээл багатай хүнсийг харьцангуй удаан хадгалагдана гэж дүгнэжээ.
Хүмүүсийн энэ ойлголт нь шинэ ногоо, жимс зэрэг богино хадгалах хугацаатай хүнсний бүтээгдэхүүнтэй өдөр тутмын туршлагаас улбаатай байж болзошгүйг судлаачид анхааруулсан. Ийм туршлагаас үүдэн савлагаатай, боловсруулсан эрүүл хүнс ч мөн адил хурдан муудна гэж төсөөлдөг хандлага түгээмэл байдаг аж.
Нөгөө талаас хүнсний хаяг шошго нь өөрөө эргэлзээ өдөөдөг байна. Судалгаанд дурдсанаар, “Савласан огноо” эсвэл “Хэрэглэх хугацаа” зэрэг хоёрдмол утгатай тэмдэглэгээ нь хэрэглэгчдэд эргэлзээ төрүүлж, хүнсийг хугацаанаас нь өмнө хаяхад хүргэдэг байна. Харин “Хэрэглэх эцсийн өдөр” гэх мэт тодорхой, нэг мөр ойлгогдох шошго хэрэглэсэн тохиолдолд хүмүүсийн итгэл нэмэгдэж, худалдан авалт ч өсдөг болохыг АНУ-д хийсэн туршилт харуулжээ.
Энэхүү ойлголтын зөрүү нь хэрэглэгчдийн сонголтод төдийгүй хүнсний хаягдлын хэмжээнд ч нөлөөлж байна. Хүмүүс эрүүл хүнсийг хугацаа дуусахаас өмнө шууд хаях нь элбэг бол, бага шим тэжээлтэй бүтээгдэхүүнд илүү уян хатан ханддаг хандлага илэрчээ.
Судлаачид хүнсний компаниудыг шошгоны хэллэгийг илүү тодорхой, хэрэглэгчдэд ойлгомжтой байлгахыг уриалж байна. Мөн АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны зүгээс хүнсний хадгалах хугацааны тэмдэглэгээг стандартад оруулж, бүх төрлийн шошгод ижил утгатай нэр томъёо хэрэглэх хэрэгтэйг судлаачид санал нэгтэйгээр дүгнэсэн байна. Ийнхүү ойлгомжтой мэдээлэл өгөх нь хэрэглэгчдийн буруу ойлголтыг засаж, хүнсний хаягдлыг бууруулахад томоохон нөлөө үзүүлэх магадлалтай гэж тэд онцолжээ.