- Пүрэв гарагт АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам мэдэгдэл гаргаж, Харвардын Их сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрийн гэрчилгээ хүчингүй болсныг зарлалаа.
- Тус сургуульд шинээр гадаад оюутан элсүүлэх эрхийг хориглохоос гадна одоо суралцаж буй гадаад оюутнууд өөр сургууль руу шилжих шаардлагатай ба эс бөгөөс хууль ёсны статусаа алдах эрсдэлтэй нөхцөл үүсчээ.
- Харвардын мэдээллээр, 2023 онд олон улсын оюутнууд тус сургуулийн нийт оюутны 27 хувийг бүрдүүлж байсан аж.

Пүрэв гарагт АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам мэдэгдэл гаргаж, Харвардын Их сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрийн гэрчилгээ хүчингүй болсныг зарлалаа. Тус яамны тайлбарласнаар, Харвардын удирдлагууд “Америкийг эсэргүүцсэн, алан хядах ажиллагааг дэмжсэн үймээн дэгдээгчдийг сургуулийн бүсэд чөлөөтэй үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрснөөр аюулгүй байдлыг алдагдуулж, нэр хүндтэй боловсролын орчныг устгаж байна" гэжээ.
Сургуулийн орчинд байгаа гадаад оюутнуудын гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг өгөхөөс татгалзвал гэрчилгээг цуцлана хэмээн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм энэ оны дөрөвдүгээр сард Харвардын захиргаанд анхааруулсан байжээ.
“Харвард шаардлагатай мэдээллийг ил тод өгөхөөс татгалзаж, Дотоодын аюулгүй байдлын яамны Ерөнхий зөвлөлийн газраас дахин ирүүлсэн хүсэлтийг мөн үл тоомсорлосон” гэж мэдэгдэлд дурдсан байна.
“Энэ бол улс даяарх бүх их, дээд сургуулиудад өгч буй анхааруулга” хэмээн тэрбээр мөн онцолжээ.
Харвард энэ үйлдлийг “хууль бус” хэмээн мэдэгдэж, дараах мэдэгдлийг гаргасан байна:
“140 гаруй орны олон улсын оюутан, судлаачдынхаа нийгэм, соёл, шинжлэх ухааны асар их хувь нэмрийг бид өндрөөр үнэлдэг. Бид тэднийг хүлээн авах, дэмжих боломжоо хадгалахын төлөө тууштай ажиллах болно. Бид нэн даруй арга хэмжээ авч, нийгэмлэгийн гишүүддээ чиглэл, дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Энэ шийдвэр нь Харвардын хувьд, цаашлаад АНУ-ын хувьд хортой үр дагавартай бөгөөд Харвардын боловсрол, судалгааны эрхэм зорилгыг алдагдуулж байна.”
Тус сургуульд шинээр гадаад оюутан элсүүлэх эрхийг хориглохоос гадна одоо суралцаж буй гадаад оюутнууд өөр сургууль руу шилжих шаардлагатай ба эс бөгөөс хууль ёсны статусаа алдах эрсдэлтэй нөхцөл үүсчээ.
Харвардын мэдээллээр, 2023 онд олон улсын оюутнууд тус сургуулийн нийт оюутны 27 хувийг бүрдүүлж байсан аж.