
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блокийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар 1000 орчим инженер, техникийн ажилтан ажиллаж байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станц Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлдэг. Өнөөдрийг хүртэл нийт 350 сая киловатт.цаг эрчим хүч үйлдвэрлэж, Улаанбаатар хотын төдийгүй төвийн бүсийн эрчим хүчний системд ихээхэн хувь нэмрээ оруулаад байна.
Саяхан дулааны гуравдугаар цахилгаан станцад харамсалтай осол гарч, хэд хэдэн турбин генераторт гэмтэл үүссэн билээ. Үүнтэй холбоотойгоор хотын дарга Х.Нямбаатар “Ирэх өвөл дахин эрчим хүчний чадлын дутагдалд орох эрсдэлтэй. Тиймээс дутагдлыг нөхөх, эрчим хүчний салбарын үйл ажиллагааг дэмжихэд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок болох 150 МВт станц чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж мэдэгдлээ. Мөн НЗДТГ-аас Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай III, IV блокийг барих тухайд хэлэлцээр хийж байгаа аж.