bnr-0
Монгол Улсын экспорт өмнөх оны мөн үеэс 16.6 хувиар буурчээ
07 сарын 09, 2025
ХУВААЛЦАХ
  • Монгол Улс 2025 оны эхний 6 сард нийт 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.1 тэрбум ам.долларт хүрчээ.
  • Үүнээс экспорт 6.6 тэрбум ам.доллар, импорт 5.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
  • Экспорт 1.3 тэрбум ам.доллароор буюу 16.6 хувиар буурахад нүүрс, угаасан ноолуур, боловсруулаагүй газрын тос, хонь, ямааны мах, төмрийн хүдэр, баяжмалын экспорт буурсан нь голлон нөлөөлжээ.
Монгол Улс 2025 оны эхний 6 сард нийт 145 улстай худалдаа хийжээ.

Монгол Улс 2025 оны эхний 6 сард нийт 145 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.1 тэрбум ам.долларт хүрчээ. 

Үүнээс экспорт 6.6 тэрбум ам.доллар, импорт 5.5 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар экспорт 16.6 хувиар буурсан бол импорт 2.8 хувиар өсчээ. 

Экспорт 1.3 тэрбум ам.доллароор буюу 16.6 хувиар буурахад нүүрс, угаасан ноолуур, боловсруулаагүй газрын тос, хонь, ямааны мах, төмрийн хүдэр, баяжмалын экспорт буурсан нь голлон нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, цайрын хүдэр, баяжмалын экспорт тус хугацаанд өссөн байна. Монгол Улсын нийт экспортын 96.1 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлсийн экспорт бүрдүүлсэн.

Импорт өсөхөд суудлын автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги, гар утас, согтууруулах ундааны импорт өссөн нь түлхүү нөлөөлсөн бөгөөд нийт импортын 72 хувийг тус бүтээгдэхүүнүүд эзлэж байна. 

Экспорт энэ оны зургадугаар сард өмнөх сараас 26.9 сая ам.доллароор, импорт 7.4 сая ам.доллароор тус тус өссөн байна. Харин өмнөх оны зургадугаар сараас экспорт 348.7 сая ам.доллароор буурч, импорт 5.2 сая ам.доллароор өссөн байна. 

БНХАУ-д экспортолсон барааны 44 хувийг нүүрс, 39 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлж байгаа бол Швейцарь улсад экспортолсон барааны 99.4 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлж байна.

БНХАУ руу хийх экспортын 44 хувийг бүрдүүлж буй нүүрсний эрэлт сүүлийн саруудад буурч, боомтууд дээр нүүрсний илүүдэл нөөц хуримтлагдсан. Түүнчлэн олон улсын зах зээлд нүүрсний ханш буурсантай холбоотойгоор Монгол Улсын төсвийн орлого тасалдаад буй билээ.   

mobile-logo