bnr-0
Хятадын банкууд хэрэглэгчдэд Лабубу тарааж, зохицуулагчдын анхааралд өртөв
07 сарын 09, 2025
ХУВААЛЦАХ
  • Хятадын Санхүүгийн зохицуулах хорооноос дотоодын банкуудыг Лабубу хүүхэлдэй зэрэг бэлэг урамшууллаар хэрэглэгч татахыг хориглосон байна.
  • Жэжян муж дахь Санхүүгийн зохицуулах хорооноос орон нутгийн банкуудад хандан хууль, дүрмийн хүрээнээс хэтэрсэн сурталчилгаа, бэлэг урамшуулал ашиглахгүй байх чиглэл өгчээ. 
  • Зөвхөн Лабубу төдийгүй будаа, цахилгаан хэрэгсэл, онлайн гишүүнчлэл зэрэг янз бүрийн бэлэг санал болгодог маркетингийн аргачлалыг мөн хязгаарлах бодлого баримталж байна.
Хятадын банкууд хэрэглэгчдийг татахын тулд Лабубу хүүхэлдэйг урамшуулал болгож эхэлжээ.

Хятадын банкууд хэрэглэгчдийг татахын тулд Лабубу хүүхэлдэйг урамшуулал болгож эхэлжээ. Тэгвэл тус улсын Санхүүгийн зохицуулах хорооноос дотоодын банкуудыг Лабубу хүүхэлдэй зэрэг бэлэг урамшууллаар хэрэглэгч татахыг хориглосон байна.

Хятадын санхүүгийн байгууллагуудын өрсөлдөөн ширүүсэж, зээлийн хүү түүхэн доод түвшинд хүрч, ашиг багассан энэ үед арилжааны банкууд хэрэглэгчийн урсгалыг нэмэгдүүлэх үүднээс төрөл бүрийн урамшууллын арга хэмжээг авч эхлээд буй. 

Жэжян муж дахь Санхүүгийн зохицуулах хорооноос орон нутгийн банкуудад хандан хууль, дүрмийн хүрээнээс хэтэрсэн сурталчилгаа, бэлэг урамшуулал ашиглахгүй байх чиглэл өгчээ. 

Энэхүү анхааруулга нь Шэньжэнь хотод төвтэй “Ping An” банк хадгаламждаа 50 мянгаас дээш юань байршуулсан шинэ харилцагчдад алдарт Лабубу хүүхэлдэй эсвэл бэлгийн багц санал болгосны дараа гарсан юм.  

Хонконгод төвтэй тоглоом үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн бүтээсэн “Labubu” нэртэй бяцхан мангас хүүхэлдэй дэлхий дахиныг байлдан дагуулж, асар их эрэлттэй болсон. Дуучин Рианна, Дуа Липа, “Blackpink” хамтлагийн гишүүн Лиза зэрэг олон алдартны цуглуулга болжээ.

Тус улсын эрх баригчид зөвхөн Лабубу төдийгүй будаа, цахилгаан хэрэгсэл, онлайн гишүүнчлэл зэрэг янз бүрийн бэлэг санал болгодог маркетингийн аргачлалыг мөн хязгаарлах бодлого баримталж байна. Тэдгээр нь банкуудын зардлыг өсгөж, ашигт ажиллагаанд дарамт учруулж байгааг зохицуулагчид онцолсон юм.  

mobile-logo