- Эрүүл амьдралын хэв маягийг дэмжигч гадаад, дотоодын 30 мянга орчим хүн энэ жилийн марафонд оролцоно
- 5 км-ийн гүйлт хамгийн олон оролцогчтой бөгөөд нийт 18 мянган иргэн бүртгүүлжээ
- RFID технологи, автоматжуулсан бүртгэл, маршрут шинэчлэл зэрэг дэвшилтэт шийдлүүдийг ашиглаж байна

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд оролцогчдын тоо өмнөх жилүүдээс өсч, энэ жил гадаад, дотоодын нийт 30 мянга орчим иргэн бүртгүүлжээ. Тэдний дийлэнх нь буюу 18 мянга нь 5 км-ийн эрүүл мэндийн гүйлтэд хамрагдсан бол гэр бүлийн гүйлтэд 4000 гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн байна.
Энэхүү олон улсын спортын арга хэмжээний нээлт тавдугаар сарын 24-ний 09:30 цагт Соёлын төв өргөөний урд болох бөгөөд үүний дараа бүх оролцогчид тухайн гүйлтийн төрлөөр нэг шугамд жагсаж, нэгдсэн бие халаалт хийсний дараа гараанд гарна. Албан ёсны гараа 10:00 цагт эхэлж, бүх гүйгчид зэрэг хөдөлнө.
Энэ жилийн марафон өмнөхөөсөө хэд хэдэн онцлог шинэчлэлтэй байна. Тухайлбал, 5 км-ийн гүйлтийн чиглэлийг өөрчилж, бариагаа эсрэг чиглэлд байршуулсан бол 21 км болон 42 км-ийн зайд гүйгчдэд зориулсан шинэ маршрут нэвтрүүлжээ. Мөн тэмцээний зохион байгуулалтыг улам боловсронгуй болгохын тулд оролцогчдын бүртгэл, гүйцэтгэл, үр дүнг автоматаар хянах дэвшилтэт технологи ашиглаж байна.
Энэ жил RFID системээр гүйгч бүрийн гараа, бариаг бүртгэхийн сацуу тухайн оролцогчийн зургийг бүртгэлтэй цахим хаяг руу нь илгээх үйлчилгээ үзүүлнэ. Мөн гүйлтийн явцад хурд, зогсолт, нийт хугацаа зэрэг үзүүлэлтийг бодит цагийн горимоор хэмжих боломжтой болжээ.
Марафоныг зохион байгуулахад сайн дурын 450 залуус дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд зохион байгуулалт, аюулгүй байдал, гүйгчдийн хяналт зэрэгт туслалцаа үзүүлэх юм байна.
“Улаанбаатар марафон” нь зөвхөн спортын тэмцээн бус нийтийн эрүүл мэнд, нийгмийн идэвх оролцоог дэмжих чухал арга хэмжээ болж, жилээс жилд хүрээгээ тэлсээр байна.