
Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах Хүмүүн олон улсын сургууль 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлаа тал хүртэл бууруулах зорилт тавьж байгаагаа зарлалаа. Энэхүү санаачилга нь Монголын боловсролын салбарт анхдагч тохиолдол бөгөөд сургалтын орчинд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бодитоор хэрэгжүүлж буй жишээ болж байна. 3.3 га талбайд таван тусдаа кампустайгаар үйл ажиллагаа явуулдаг тус сургууль нь барилга, дэд бүтцийн хувьд ногоон шийдлүүдийг системтэйгээр нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй сургалтын загварыг төлөвшүүлжээ.
TERRA, HUGO, COSMOS ARENA, AQUA, HELIX нэртэй кампусууд тус бүртээ тогтвортой хөгжлийн зарчмыг тусгасан бөгөөд энэ хүрээнд экологийн хэд хэдэн бодит арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд байна. Хамгийн онцлох шийдлүүдийн нэг нь “Zero Waste Compost” систем бөгөөд хоолны үлдэгдэл, хүнсний хаягдлыг бордоо болгон сургуулийн ногоон байгууламжийн арчилгаанд ашиглаж байна. Үүний зэрэгцээ борооны усыг цуглуулж, дахин ашиглах усалгааны систем, цаасны хэрэглээг эрс багасгах цахим сургалтын дэд бүтэц, ухаалаг төхөөрөмжийн өргөн хэрэглээ зэрэг нь тогтвортой байдлыг дэмжиж байна.
Мөн тус сургууль олон улсын CO₂ гэрчилгээжүүлэлтийн хүрээнд нүүрстөрөгчийн хэмнэлтийн хэмжээг баталгаажуулах шатандаа явж байгаа бөгөөд цаашлаад “carbon trade” буюу нүүрстөрөгчийн эрхийн олон улсын арилжаанд хамрагдах боломж нээлттэй болсон байна.
Хүмүүн сургуулийн нийт талбайн 50 хувийг ногоон байгууламж эзэлдэг бөгөөд энэ нь сурагчдын “ногоон боловсрол”-ын туршилт, судалгааны бодит орчин болж өгдөг байна. Хүүхдүүд хичээлийн хөтөлбөрийн хүрээнд хөрс боловсруулах, ургамал тарих, органик бордоо ашиглах зэрэг дадлыг биечлэн эзэмшдэг бөгөөд эдгээр үйл ажиллагаа нь байгальтай харилцах хандлагыг бага наснаас нь төлөвшүүлэх зорилготой ажээ.
Байгаль орчны хариуцлага хүлээх чадварыг төлөвшүүлэх зорилго бүхий “The Responsible Nomads” буюу “Хариуцлагатай Нүүдэлчин” нэртэй боловсролын хөтөлбөрийг тус сургууль 6–11 дүгээр ангийн сурагчдын дунд хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд сурагч бүр нүүрстөрөгчийн ул мөрөө тооцох, эрчим хүч, ус, цаасны хэрэглээгээ хянах, хиймэл оюун болон датад суурилсан судалгаа, туршилт хийх ур чадварт суралцаж байна. Энэ мэдлэг, туршлагыг сургуулийн “ногоон платформ”-оор дамжуулан бусад сургуульд түгээх замаар илүү өргөн хүрээнд тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих зорилттой аж.
Хүмүүн сургууль ойрын жилүүдэд нийт эрчим хүчнийхээ 30 хувийг нарны эх үүсвэрээр хангах төлөвлөгөөтэй бөгөөд барилгын ухаалаг хяналтын систем, автоматаар тохируулдаг “уур амьсгалд мэдрэг” технологийг нэвтрүүлж эхэлсэн байна. Энэхүү шийдэл нь эрчим хүчний хэрэглээг 20–30 хувиар бууруулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд “ухаалаг байшинтай сургууль”-ийн шинэ жишиг болохоор зорьжээ.
Хүмүүн сургуулийн удирдлагууд “Бид зөвхөн хичээл заадаг байгууллага биш, харин дэлхийн ирээдүйд хариуцлага хүлээх чадвартай иргэдийг бэлтгэгч байна” гэдгээ мэдэгдэн нэг хүүхдийн дадал зуршил нь нийгэмд томоохон өөрчлөлт авчрах чадамжтайг онцолж байна.