bnr-0
Европ түүхий эдийн хараат байдлаа задлана: Европын Холбоо 13 оронд шинэ төсөл эхлүүлнэ
06 сарын 05, 2025
ХУВААЛЦАХ
  • Лити, кобальт, графит зэрэг ашигт малтмалд чиглэсэн төслүүд эхэлнэ.
  • 5.5 тэрбум еврогийн хөрөнгө татах төлөвтэй.
  • Хятадын экспортын хязгаарлалт ЕХ-ны эрсдэлийн мэдрэмжийг нэмэгдүүлжээ.

Европын Холбоо стратегийн түүхий эдийн гадаад эх үүсвэрээ олон төрлөөр тэлэх шинэ алхам хийлээ. Тус холбоо Канад, Гренланд, Казахстан, Серби зэрэг дэлхийн 13 улсад хэрэгжих түүхий эдийн төслүүдийг албан ёсоор дэмжихээр болсноо зарлав. Шинэ санаачилга нь зай хураагуурын үйлдвэрлэлд нэн шаардлагатай лити, никель, кобальт, манган, графит зэрэг ашигт малтмалуудын олборлолт, боловсруулалтыг хамарна.

Энэхүү шийдвэр нь Хятадын экспортын хяналт чангарч буйтай зэрэгцэн гарав. Тухайлбал, тус улс дөрөвдүгээр сард газрын ховор соронзон материалын гадаад нийлүүлэлтэд хязгаар тогтоож, дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээнд дахин дохио өгсөн. “Бид аль нэг улсаас, тэр дундаа БНХАУ-аас хэт хараат байхаа зогсоох ёстой” хэмээн Европын Комиссийн Аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн комиссар Тиерри Бретон мэдэгдэв.

ЕХ 2023 онд баталсан “Стратегийн түүхий эдийн тухай хууль”-даа тулгуурлан 2030 он гэхэд өөрийн хэрэгцээний 10 хувийг олборлож, 40 хувийг дотооддоо боловсруулж, 25 хувийг дахин боловсруулах зорилт дэвшүүлсэн. Үлдсэнийг гадаад түншлэлээр хангах бөгөөд энэ хүрээнд 5.5 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг шинээр баталсан 13 төслөөр дамжуулан татахаар тооцжээ.

Сонгогдсон төслүүд дотор Канадын Дюмон төсөл онцгой анхаарал татаж байна. Квебекийн Амос хотын орчимд орших энэхүү никелийн орд нь 1 тэрбум тонны нөөцтэй хэмээн үнэлэгдэж, дэлхийн хамгийн том хөгжөөгүй ордуудын нэгт тооцогддог. Одоогоор бүх зөвшөөрлөө авсан, техник эдийн засгийн үндэслэл нь батлагдсан тус төсөл шууд хэрэгжихэд бэлэн болсон байна.

Мөн Сербид байрлах Rio Tinto компанийн Жадар литийн төсөл жагсаалтад багтжээ. Төслийн лицензийг байгаль орчны эсэргүүцлийн улмаас 2022 онд цуцалсан ч шүүхээр сэргээгдэж, дахин хэрэгжих боломж нээгдсэн юм. Хэрэв бүрэн хэмжээнд ажиллаж эхэлбэл уг төсөл Европын литийн нэг жилийн хэрэгцээний 90 хувийг дангаар хангах боломжтой хэмээн тооцоолсон байна.

Европын стратегийн анхаарлыг татаж буй бас нэг бүс нутаг бол Гренланд юм. Тус арлын графитын төслийг сонгосон нь тогтвортой нийлүүлэлт төдийгүй улс төр, аюулгүй байдлын шинжтэй хандлагын илрэл болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 онд Гренландыг худалдаж авах саналыг гаргаж байсан төдийгүй өнгөрсөн саруудад тус арлыг худалдаж авах санал гаргасныг эргэн санахад илүүдэхгүй.

Европын Холбоо өнгөрсөн гуравдугаар сард өөрийн нутаг дэвсгэрт хэрэгжих 47 төслийг баталсны дараа ийнхүү гадаад дахь 13 төслөөр сүлжээгээ өргөтгөж, нийт 60 төсөлтэй болж байна. Тэдгээр нь Европын үйлдвэрүүдийн эрчим хүчний шилжилт, үйлдвэрлэлийн бие даасан байдалд шууд нөлөөлнө гэж үзэж байна.  

mobile-logo