- Хятадын гол бүсэд уурхайн хаалт, байгаль орчны шалгалт үргэлжилж байгаа ч зах зээлд үнэ өсөх хүлээлт үгүй болов.
- Монголын нүүрсний үнэ долоо хоногт 20-55 юаниар/2.8-7.7 ам.доллар буурч, Ганцмод боомт дээр арилжаа бараг зогслоо.
- Гангийн салбар зуны сул улиралд орж, коксжих нүүрсний эрэлт 4–5 хоногийн нөөцтэйгээр хязгаарлагджээ.

Хятадын коксжих нүүрсний зах зээл 2025 оны зургадугаар сарын эхний хоёр долоо хоногийн байдлаар суларсан хандлагаа хадгалж байна. Эрэлт буурч, уурхайн нөөц нэмэгдсэн нь ханш болон арилжаанд сөрөг нөлөө үзүүлж, зах зээлийн уур амьсгалыг улам хүндрүүлэв. Уламжлал ёсоор нийлүүлэлт хумигдахад үнэ өсөх хандлагатай байдаг ч энэ удаад зах зээлийн тэнцвэр бусад хүчин зүйлд автагдсан байна.
Шааньси, Өвөр Монгол зэрэг гол олборлогч бүс нутагт байгаль орчны хяналт эрчимжиж, жижиг уурхайнууд түр зогссон бол томоохон компаниуд тогтвортой хэвээр байгаа ч ханш өсөх нөхцөл бүрдээгүй байна. Зарим уурхай эдийн засгийн хувьд алдагдалтай ажиллаж, үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд угаасан нүүрсний хувьд ч ашиггүй үнээр борлуулалт хийгдэхгүй байна.
Гангийн салбарын эрэлт зуны улиралд улам сулрах хандлагатай байдаг бөгөөд энэ нь кокс, түүхий нүүрсний худалдан авалтад шууд нөлөөлж байна. Үйлдвэрүүд зөвхөн 4-5 хоногийн нөөцтэй ажиллаж байгаа нь шинэ захиалгууд хойшлох шалтгаан болжээ.
Хятадын CCI индексийн бага хүхэртэй нүүрс тонн нь 1,144 юань/159 ам.доллар, дундаж хүхэртэй нүүрс 945 юань/131 ам.доллар), хүхэр өндөртэй нүүрс 901 юань/125 ам.долларын түвшинд байна. Эдгээр нь долоо хоногийн дотор 25-33 юаниар буурсан үзүүлэлт юм.
Импортын зах зээл дээр Хятадын хойд болон Хэбэй мужийн гангийн үйлдвэрүүд Монголын нүүрсний үнийг сулрахад нөлөөлсөөр байна. Ганцмод боомтод арилжаа зогсонги болж, агуулахын нөөц өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь үнийг нэмэх боломжыг саармагжуулж байна.
Монголын угаагаагүй 5-р зэрэглэлийн нүүрс тонн нь 700-710 юань/97.5-98.9 ам.доллар, угаасан нүүрс 800-810 юань/111.5-113 ам.долларын үнэтэй байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 20-55 юань буюу 2.8–7.7 ам.доллароор буурсан үзүүлэлт юм. Энэ бүх нөхцөл байдал нь Монголын нүүрсний экспортын орлого богино хугацаанд сэргэх боломжгүйг илтгэж байна. Хэрэв Хятадын гангийн үйлдвэрлэлд дорвитой сэргэлт гарахгүй бол ханш цаашид ч уруудах хандлагатай байна.