
“Омни Ассет 2 ТЗК” ХХК нийт 14 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) олон нийтэд санал болгох албан ёсны зөвшөөрлөө Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаанаар авлаа.
“Омни Ассет 2 ТЗК” ХХК нь “Омни Капитал”-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани юм. Энэхүү үнэт цаас нь тус компанийн хөрөнгөөр баталгаажсан гурав дахь үнэт цаас бөгөөд санхүүгийн зах зээлд шинэлэг, өгөөжтэй, баталгаатай хөрөнгө оруулалтын боломж олгож буй бүтээгдэхүүн юм.
“Омни Капитал” хөрөнгийн зах зээлд 2019 оноос хойш идэвхтэй ажиллаж, 2022 онд анх удаа “Омни Актив” таван тэрбум төгрөгийн ХБҮЦ-ыг олон нийтэд амжилттай санал болгож байсан. Тус бүтээгдэхүүний хүү болон үндсэн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээгээд буй. Мөн 2023 онд байгуулсан “Омни Ассет ТЗК” ХХК-ийн шугамаар 6 тэрбум төгрөгийн ХБҮЦ-ыг гаргаж байсан бол энэхүү удаагийн бүтээгдэхүүн нь илүү өндөр дүнгээр олон нийтэд санал болгож байгаа гэдгээрээ онцлог юм.
ХБҮЦ нь зээлдүүлэгч болон хөрөнгө оруулагчийн хооронд тэнцвэртэй өгөөж–эрсдэлийн харьцааг бий болгодог, орлого үүсгэгч хөрөнгөөр баталгаажсан, хууль эрх зүйн нарийн зохицуулалттай, ил тод, найдвартай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гэдгээрээ бусад бүтээгдэхүүнээс ялгардаг.
“Омни Ассет 2 ТЗК” ХБҮЦ-ийн арилжааны дэлгэрэнгүй нөхцөл, хуваарь, болон хэрхэн хөрөнгө оруулах талаар мэдээллийг удахгүй танилцуулах хүлээлттэй байна.