- Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төв барина.
- Тээвэр логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг сонсож, тээвэр логистикийн төвийн төлөвлөлтөд тусгах ажлын хэсгийг байгууллаа.
- Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт өнгөрсөн сард эхлээд байна.

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барихаар боллоо. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулна.
Нийслэлийн зүгээс “Хүннү хотын тээвэр логистикийн бүсийн хөгжлийн стратеги” хэлэлцүүлэг зохион байгуулж, тээвэр логистикийн төвийн төлөвлөлтөд тусгах ажлын хэсгийг байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр тээвэр логистикийн компаниуд “Өнөөгийн Улаанбаатар тээвэр логистикийн хувьд үр ашиг, бүтээмж багатай, ажиллагаа ихтэй. Төмөр замын өртөөн дээр ирсэн чингэлгүүдийг гар аргаар ангилан ялгаж, 10 терминал руу цөөн тооны вагоноор түгээдэг. Нэг чингэлэгт ногдох зардал өндөр. 10 терминал бүрийн тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашигладаггүй. Терминалууд дээр буусан ачааны 40 орчим хувийг эргэж орон нутагт түгээдэг. Логистикийн компани бүр өөрийн талбайтай болох хүсэлтэй боловч нийслэлд зай талбай байхгүй. Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдсанаар эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтойг” онцолжээ.
Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдсанаар Монгол Улсын худалдаа, тээврийн дэд бүтцийг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тээвэр логистикийн зардлыг бууруулж, эдийн засаг, бизнесийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой. Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт өнгөрсөн сард эхлээд байна.