- Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бишкект хүрэлцэн очив.
- Соёлын тоглолтоор угтаж, өндөр түвшний хүндэтгэл үзүүлэв.
- Эрх зүйн шинэ баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад хийх төрийн айлчлалаа албан ёсоор эхлүүллээ. Түүнийг болон дагалдан яваа төлөөлөгчдийг Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудалд Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, хоёр улсын Элчин сайд нар болон бусад албаны төлөөлөгчид хүндэтгэлтэйгээр угтан авсан байна.
Монголын төрийн тэргүүнийг хүндэтгэн Киргизийн уран бүтээлчид нисэх онгоцны буудалд тусгайлан соёл, урлагийн тоглолт үзүүлж, найрсаг халуун уур амьсгалыг бүрдүүлэв. Энэ нь хоёр орны уламжлалт нөхөрлөлийн илэрхийлэл бөгөөд дипломат ёсонд тун ховор тохиолддог өндөр түвшний хүндэтгэлийн нэг хэлбэр юм.
Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь Монгол, Киргизийн харилцааг шинэ түвшинд гаргаж, ялангуяа эдийн засгийн агуулгаар баяжуулах, ард түмнүүдийн найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чиглэж байна. Талууд харилцан эрх ашигт нийцсэн бодлогын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж, эрх зүйн үндсийг улам бататгахаар ажиллаж байгаа нь айлчлалын гол үр дүнгийн нэг болох төлөвтэй.
Бишкек хот нь бүс нутгийн гадаад харилцааны төв гэдгийг илтгэхүйц байдлаар 28 Элчин сайдын яам, 50 гаруй консулын болон төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж буй. Энэ нь Монгол Улсын хувьд Төв Азийн улс орнуудтай харилцаагаа идэвхтэй хөгжүүлэх шинэ боломжуудыг олгож байна.
Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 1999 онд, Н.Энхбаяр 2007 онд, Ц.Элбэгдорж 2012 онд, Х.Баттулга 2019 онд Киргиз Улсад айлчилж байсан бол, Киргизийн талаас анхны төрийн айлчлалыг 1993, 2002 онд Ерөнхийлөгч Аскар Акаев, хамгийн сүүлийнхийг 2023 онд Ерөнхийлөгч Садыр Жапаров хэрэгжүүлжээ. Харилцан айлчлалын энэ уламжлал нь хоёр орны харилцааны цаашдын тогтвортой хөгжлийн суурийг тавьсаар байна.