bnr-0
Ерөнхий сайд Г.Занданшатар: “ДЦС-3”-т гарсан ослын дараах сэргээн босголт эрчимжиж, өвлийг амжилттай давах нөхцөл бүрдэж байна
07 сарын 17, 2025
ХУВААЛЦАХ
  • Шатсан турбогенераторын оронд шинэ төхөөрөмж захиалж, 2025 оны өвөл ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
  • 48 МВт-ын хуучин станцыг 250 МВт болгож шинэчлэх ОХУ-ын хамтарсан төсөл хэрэгжиж эхэлсэн.
  • Салбарын бүтцийг цомхотгож, шаардлагагүй нэгжүүдийг нэгтгэх, татан буулгах шийдвэрийг ирэх сард танилцуулна.
Эрчим хүчний салбар энэ өвлийг амжилттай давах нөхцөл бүрдэж буйг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар лхагва гарагт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж, зургадугаар сард гарсан ослын дараах нөхцөл байдал, сэргээн босголтын ажлын явцыг газар дээр нь шалгав.

Тус станцын 50 МВт-ын хүчин чадалтай есдүгээр турбогенераторын хэсэгт энэ оны зургадугаар сарын 2-нд гал гарч, үйлдвэрлэлийн барилга ноцтой хохирол амссан. Энэ нь нийслэлийн төвийн дулаан, цахилгаан хангамжид эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдал үүсгэжээ.

Ослын дараа Засгийн газар гурван үндсэн чиглэлээр яаралтай арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. Нэгдүгээрт, галд шатсан барилгыг энэ сарын 25-наас эхлэн шинээр барьж, арваннэгдүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Хоёрдугаарт, дулаан үйлдвэрлэх системийн горимыг өөрчилж, цахилгаан, дулааны доголдол үүсгэхгүй байх инженерийн шийдэлд энэ сард багтаан шилжих аж.

Гуравдугаарт, ес болон долдугаар турбогенераторыг бүрэн шинэчилж, 2025-2026 оны өвөлд багтаан ашиглалтад оруулах зорилт тавьжээ. Одоогоор хуучин долдугаар турбогенераторыг яаралтай засварлаж, түр орлон ажиллуулж байгаа бөгөөд энэ нь осолд өртсөн 50 МВт-ын ачааллыг нөхөх юм. Харин есдүгээр турбогенераторыг БНХАУ-д захиалж үйлдвэрлүүлэх асуудлыг судалж эхэлжээ. Шаардлагатай төсвийн эхний хэсгийг энэ жилийн төсвийн тодотголд тусгасан бол үлдсэн зардлыг ирэх оны төсөвт багтаахаар ажиллаж байна.

Үүнээс гадна, ашиглалтын хугацаа дууссан дунд даралтын буюу 48 МВт-ын станцыг ОХУ-ын талтай хамтран шинэчилж, 250 МВт болгон өргөтгөх төсөл эхэлсэн. Уг станц 1968 онд ашиглалтад орсон бөгөөд 33 жилийн хугацаатай ашиглалт нь хэдийнэ дууссан ч одоо болтол ачаалал даан ажиллаж байгаа юм. Төсөл 2028 онд бүрэн дуусах хуваарьтай байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар эрчим хүчний салбарын бүтцийн давхардал, зардлын үргүй зарцуулалт, тендерийн ашиг сонирхлын зөрчил зэрэг асуудлыг цэгцлэх шаардлагатайг онцоллоо. Тэрбээр салбарын хэмжээнд шаардлагагүй орон тоог хасах, илүү зардлыг танах чиглэлээр санал боловсруулж энэ сард багтаан Засгийн газарт танилцуулах үүрэг өглөө. Мөн нүүрсний уурхайнуудад ч ижил шалгалт, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийхээр болжээ. Шаардлагагүй нэгжүүдийг нэгтгэх, татан буулгах, цаашлаад хувьчлах саналыг ирэх сарын 15-наас өмнө боловсруулах ёстойг сануулав.

Эцэст нь тэрбээр эрчим хүчний салбар энэ өвлийг амжилттай давах нөхцөл бүрдэж буйг тэмдэглэлээ. Үүнд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блок 150 МВт-ын хүчин чадалтайгаар энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох, Сэлэнгэ, Завханы Тосонгийн цахилгаан станц болон батарей хуримтлуурууд, нарны станцууд нэмэгдсэнээр өвлийг өнтэй давах боломж гарч ирж буйг онцолсон юм.   

mobile-logo