- Нийслэл 2025 онд 301 тусгай зориулалтын техникээр парк шинэчлэлт хийж байна.
- 66 шинэ техникийг зургаадугаар сард дүүргүүдэд хуваарилжээ.
- 2024 онд нийт 80 гаруй техник шинэчилсэн байна.

Нийтийн үйлчилгээний чанарыг сайжруулах хүрээнд нийслэл хотын инженерийн болон цэвэрлэгээний техникийн шинэчлэл эрчимжиж байна. Уг ажлууд нь Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээний хүртээмж, аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг сайжруулах зорилготой бөгөөд инженерийн чадавхыг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьдрах орчныг үе шаттайгаар сайжруулахыг зорьж байгаа юм.
2025 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 301 ширхэг тусгай зориулалтын машин техник худалдан авч, хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн үйлчилгээнд ашиглахаар төлөвлөжээ.
Зургадугаар сарын 27-нд тав дахь ээлжийн 66 техник ирсэн бөгөөд тэдгээрийг нийслэлийн есөн дүүрэг болон Геодези усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагуудад хуваарилан ашиглаж эхлээд байна.
Хотын инженерийн баазын шинэчлэл өнгөрсөн жил ч мөн үргэлжилсэн. Тухайлбал, 2024 оны аравдугаар сард зам цэвэрлэгээ, давс цацалт, цас цэвэрлэгээнд зориулсан таван төрлийн 33 техник нийлүүлсэн бол мөн оны хавар хөнгөн хог, навч соруулах зориулалттай 46 төхөөрөмж нэмж авчээ. Ингэснээр зөвхөн 2024 онд нийтийн аж ахуйн салбарт нийтдээ 80 гаруй техник шинэчлэгдсэн байна.