- Олон улсын Төв банкууд дотоодын уурхайнуудаас шар металл худалдан авах нь өсчээ.
- Энэ нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, мөн үндэсний мөнгөн тэмдэгтээр худалдан авах учир гадаад валютын нөөцөд эерэг нөлөөтэй.
- Судалгаанд оролцсон нийт 36 Төв банкны 19 нь дотоодын жижиг, дунд уурхайгаас үндэсний мөнгөн тэмдэгтээр алт худалдан авдаг хэмээн хариулжээ.

Олон улсын Төв банкуудын худалдан авах алтны хэмжээ тогтмол нэмэгдэж, тэр хэрээр дотоодын уурхайнуудаас шар металл худалдан авах нь өсчээ. Дэлхийн түүхий эдийн зах зээлтэй харьцуулахад хямдаас гадна уурхайгаас шууд худалдан авах нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, мөн үндэсний мөнгөн тэмдэгтээр худалдан авах учир гадаад валютын нөөцөд эерэг нөлөөтэйг шинжээчид тэмдэглэж байна.
Филиппин, Экуадор зэрэг улс олон жилийн турш дотоодоос алт худалдан авч буй бол сүүлийн жилүүдэд энэ тоо огцом өсөж буйг Дэлхийн алтны зөвлөлөөс мэдээллээ. Дэлхийн алтны зөвлөлийн судалгаанд оролцсон нийт 36 Төв банкны 19 нь дотоодын жижиг, дунд уурхайгаас үндэсний мөнгөн тэмдэгтээр алт худалдан авдаг хэмээн хариулжээ. Мөн дөрвөн Төв банк энэ жишгийн дагуу худалдан авах талаар судалж байгаа хэмээн өгүүлсэн байна. Тэгвэл өнгөрсөн жилийн судалгаанд оролцсон нийт 57 банкны 14 нь дотоодын уурхайнуудаас алт худалдан авдаг байжээ. Одоогоор Колумб, Танзани, Гана, Замби, мөн Монгол Улсын Төв Банк гадаад валютын нөөцөө өсгөхөд дотоодоос алт худалдан авч буй.
Монголбанкны статистикаас үзвэл, оны эхний зургаан сард Төв банк нийт 5.9 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 24.3 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Долдугаар сарын 9-ний байдлаар алтыг грамм тутамд нь 381.7 мянган төгрөгөөр үнэлж худалдан авч буй аж.
Геополитикийн тодорхойгүй байдлын улмаас алтны ханш дээд түвшнээ тогтмол шинэчилсээр буй. LSEG-ийн датагаас үзэхэд, спот алтны ханш унци нь 3328.3 ам.доллараар үнэлэгдэж буй нь он гарснаас хойш 27 хувиар өссөн үзүүлэлт юм.
Алтны ханш тогтмол чангарч, нөгөө талаас геополитикийн эрсдэлийн эсрэг хеж хийх боломжтой учраас алт үйлдвэрлэгч улс орнуудын Төв банкууд дотоодоос худалдан авах нь үлэмж хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байна хэмээн алтны хөрөнгө оруулалтын BullionVault фирмийн судалгаа хариуцсан захирал Адриан Аш тэмдэглэжээ.