- Шинээр бүрдсэн Засгийн газар өнөөдөр анхны ээлжит хуралдаанаа хийж, төсвийн тодотголын төсөлтэй танилцлаа.
- Төсвийн орлого дутсанаас болоод үүсэж болзошгүй алдагдал жилийн эцэст 2.3 их наяд төгрөгт хүрнэ гэдэг судалгаа гарсан байна.
- 2.3 их наядын 500 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтаас харин 1.8 их наяд төгрөг нь урсгал зардлаас хасагдах бөгөөд үүнд төрийн албан хаагчдын цомхотгол хийхээр төлөвлөжээ.

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар энэ оны төсөвт тодотгол хийх шаардлагатай хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл шинээр бүрдсэн Засгийн газар өнөөдөр анхны ээлжит хуралдаанаа хийж, төсвийн тодотголын төсөлтэй танилцлаа.
Уг төсөлтэй танилцахад хугацаа шаардлагатай хэмээн үзэж Засгийн газар баасан гарагт дахин хуралдахаар шийдвэрлэлээ. Өнөөдрийн хуралдааны талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэл өглөө.
“Төсвийн орлого дутсанаас болоод үүсэж болзошгүй алдагдал жилийн эцэст 2.3 их наяд төгрөгт хүрнэ гэдэг судалгаа гарсан. Тэгвэл энэ 2.3 их наядын 534 тэрбум төгрөг нь хуулийн дагуу бий болж, 1.8 их наяд төгрөгийн төсвийн тодотгол хийх шаардлага үүсэж байна” хэмээн тэрбээр онцоллоо.
Дээрх 2.3 их наядын 500 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтаас харин 1.8 их наяд төгрөг нь урсгал зардлаас хасагдах бөгөөд үүнд төрийн албан хаагчдын цомхотгол хийхээр төлөвлөжээ.
Иймд эхний ээлжид, төрийн урсгал зардал, хөрөнгө оруулалтыг оновчтой болгож, төрийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах зорилгоор цомхотгол хийх аж. Тус өөрчлөлтөд хэд хэдэн яамны харьяа агентлагийг татан буулгаж, нэгтгэх бөгөөд төрийн албан хаагчдын тоог 9 хувь буюу 14 мянгаар бууруулах аж. Үүнд эмч, багш нар хамрагдахгүй хэмээн тэрбээр нэмж дурдлаа.