bnr-0
Улаанбаатарын түгжрэлийг 50 хувиар бууруулах Туулын хурдны замын бүтээн байгуулалт ирэх долоо хоногт эхэлнэ
07 сарын 23, 2025
ХУВААЛЦАХ
  • Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерт Хонконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарлаа.
  • Бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр боллоо.
  • Уг төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурдыг 14 орчим хувиар нэмэгдүүлж, Шинэ тойрог авто замтай холбогдсоноор Улаанбаатар хотын түгжрэлийг 50 орчим хувиар бууруулах тооцоо гараад буй.
Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа цогц авто замын төсөл юм.

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд хэрэгжих Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерт Хонконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, бүтээн байгуулалтын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр боллоо.

Туулын хурдны зам нь хотын зүүн талд Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур буюу Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжлэх юм.

Олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч нийт 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа цогц авто замын төсөл юм.

Уг төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурдыг 14 орчим хувиар нэмэгдүүлж, Шинэ тойрог авто замтай холбогдсоноор Улаанбаатар хотын түгжрэлийг 50 орчим хувиар бууруулах тооцоо гараад буй. Түүнчлэн Нисэх, Яармаг чиглэлийн болон хотын төвийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлээд зогсохгүй хот, улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой аж.

Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчээр шалгарсан “ХаоЮань групп” ХХК нь 2008 онд Хонконгод бүртгэгдсэн бөгөөд инженер, худалдаа, ложистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг групп компани юм.

Мөн Африк, Европ, Ази, Ойрхи Дорнодын улсуудад 10 гаруй салбартай, олон улсад төмөр замын зураг төсөл, хайгуул, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай цорын ганц Хонконгийн хувийн компани.  

mobile-logo