- АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 4.25-4.5 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ.
- Харин 2026 болон 2027 онд бодлогын хүүг тус бүр нэг удаа бууруулах төлөвлөж байсныг цуцалсан байна.
- АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөвийг шинэчилж, ДНБ 2025 онд 1.4 хувиар өсөх бөгөөд инфляц 3 хувьд хүрэх төлөвтэй байна.

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 4.25-4.5 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Тус улсын инфляцын түвшин өндөр, эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байгааг харгалзан үзэж, ийнхүү өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш бодлогын хүүг өөрчлөлтгүй хадгалж байна.
АНУ-ын Холбооны нээлттэй зах зээлийн хорооноос ирээдүйн бодлогын хүүгийн төсөөллийг харуулдаг “цэгийн диаграм”-ийн дагуу энэ оны сүүлээр хоёр удаа бодлогын хүүг бууруулах төлөв хэвээр байгааг харуулсан. Харин 2026 болон 2027 онд бодлогын хүүг тус бүр нэг удаа бууруулах төлөвлөж байсныг цуцалсан байна. Ингэснээр ойрын гурван жилийн хугацаанд АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ дөрвөн удаа, нийт 1 хувиар бууруулах төлөвтэй байна.
Түүнчлэн АНУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөвийг шинэчилж, ДНБ 2025 онд 1.4 хувиар өсөх бөгөөд инфляц 3 хувьд хүрэх төлөвтэй байна. Хүнс, эрчим хүчний үнийг хассан үндсэн инфляц 3.1 хувь байх тооцоо гарсан нь өмнөх төсөөллөөс 0.3 нэгжээр өндөр үзүүлэлт юм. Тус улсын ажилгүйдлийн түвшин 4.5 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь одоогийн түвшнээс 0.3 нэгжээр өссөн дүн болоод буй.
“Одоогоор бид эдийн засгийн чиг хандлагын талаар илүү дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл ирэхийг хүлээх бүрэн боломжтой байр сууринд байна. Яаралгүйгээр, нөхцөл байдлыг үнэлж шийдвэр гаргана” хэмээн Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл мэдэгдлээ.