- Хиймэл оюунд суурилсан чатботууд хүний сэтгэлгээ, ой тогтоолт, хэлний чадварын хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг Массачусетсийн технологийн их сургуулийн (MIT) судлаачид анхааруулжээ.
- Судалгаанд оролцогчдыг хоёр бүлэгт хуваан, нэг хэсэг нь зөвхөн өөрийн мэдлэг, оюун ухаанд тулгуурлан бичгийн ажил хийсэн бол нөгөө хэсэг нь ChatGPT-ийг ашиглажээ
- Энэхүү судалгаа нь хиймэл оюун ухаан хүний бүтээлч, сэтгэн бодох чадварыг бууруулж, урт хугацаандаа оюун ухаан, сэтгэхүйн доройтол үүсгэх магадлалтайг илтгэж байгаа юм.

Хиймэл оюунд суурилсан чатботууд хүний сэтгэлгээ, ой тогтоолт, хэлний чадварын хөгжилд сөргөөр нөлөөлж, урт хугацаандаа оюуны чадамжийг бууруулах эрсдэлтэй болохыг Массачусетсийн технологийн их сургуулийн (MIT) судлаачид анхааруулжээ.
Тус судалгаагаар, эсээ бичихэд ChatGPT зэрэг хиймэл оюуны хэрэгсэл ашигласан хүмүүсийн тархины идэвхжил хиймэл оюун ашиглаагүй хүмүүсийнхтэй харьцуулахад мэдэгдэхүйц бага байсан аж.
Түүнчлэн, хиймэл оюун ашигласан оролцогчид дараа дараагийн бие даасан шалгууруудад "тархиа ашигласан" бүлгийн оролцогчдоос сул үзүүлэлттэй байжээ. Судалгаанд оролцогчдыг хоёр бүлэгт хуваан, нэг хэсэг нь зөвхөн өөрийн мэдлэг, оюун ухаанд тулгуурлан бичгийн ажил хийсэн бол нөгөө хэсэг нь ChatGPT-ийг ашиглажээ.
Уг судалгааны үр дүнгээс харахад хиймэл оюун ашигласан бүлгийн оролцогчид дараа нь бие даан ямар нэг даалгавар хийхдээ хүндрэлтэй байж, хиймэл оюунаас хэт хамааралтай болох хандлага ажиглагдсан байна.
Энэхүү судалгаа нь хиймэл оюун ухаан хүний бүтээлч, сэтгэн бодох чадварыг бууруулж, урт хугацаандаа оюун ухаан, сэтгэхүйн доройтол үүсгэх магадлалтайг илтгэж байгаа юм.