- 19.5 мянга гаруй улиас нийтийн эзэмшлийн талбайд ургаж байна.
- Эм улиасны унгарилыг 40 хувь бууруулах зорилгоор хэлбэржүүлэлт, шүршилт хийж байна.
- Аж ахуйн нэгжүүдийг эзэмшлийн модоо арчлахыг уриалжээ.

Харшилтай хүмүүс хэлж заншсанаар “цагаан хөвөн” буюу мэргэжлийн хэллэгээр “улиасны унгарил” маш төвөгтэй байдаг. Тэгвэл Улаанбаатар хотын захиргаа эм улиасны унгарилын тархалтыг бууруулах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хаврын хэлбэржүүлэлт, зуны угаалгын арга хэмжээг идэвхтэй зохион байгуулж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 38.8 мянга гаруй улиас мод тоологдоод байгаа бөгөөд эдгээрийн тал хувь буюу 19.5 мянга нь нийтийн эзэмшлийн талбайд ургаж байна. Харин 46.9 хувь буюу 18.2 мянган ширхэг нь унгарил үүсгэдэг “эм улиас” мод гэдгийг албаныхан мэдээлэв. Эдгээр модноос жил бүрийн хавар их хэмжээгээр үсэрхэг унгарил ялгардаг нь нийтийн орчинд тоосжилт үүсгэх, харшил сэдрээх, ахуйн болон цахилгаан хэрэгсэлд нөлөөлөх зэргээр иргэдийн тав тух, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
2025 оны хавар хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд хотын 86 байршилд нийт есөн мянга гаруй эм улиас модыг танаж, хэлбэржүүлсэн байна. Энэ нь нийт эм улиасны талаас илүү хувийг хамарчээ. Ийнхүү модны мөчир, навчны бүтцийг танаж засах нь унгарилын гарцыг бууруулах үр дүнтэй арга гэж мэргэжилтнүүд онцолж байна.
Мөн энэ зургадугаар сарын эхээр нийтийн эзэмшлийн 160 орчим га талбайд ургаж буй эм улиасны унгарилыг ус шүршиж угаах ажлыг эхлүүлсэн. Усны шүршилт нь модноос ялгарч буй үрийн хөврөлийг хумих, агаарт тархах явцыг сааруулах ач холбогдолтой бөгөөд үр дүнд нь унгарилын хэмжээ дөч хүртэл хувиар буурах боломжтой гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.
Нийслэлийн зүгээс зөвхөн нийтийн эзэмшлийн талбайд төдийгүй аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшилд ургаж буй улиас модыг ч мөн арчлахыг уриаллаа. Энэ хүрээнд тухайн байгууллагууд моддоо тогтмол ус шүршиж угаах, хэлбэржүүлэлт хийх зэрэг арга хэмжээг авах нь унгарилын тархалтыг хумьж, хотын орчны цэвэр байдлыг сайжруулахад чухал нөлөөтэй гэж үзэж байна.