bnr-0
Дэлгэцийн дон нь өсвөр насныхны амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлж байна
06 сарын 19, 2025
ХУВААЛЦАХ
  • 14 нас хүрэхэд хүүхдүүдийн 40 хувь нь видео тоглоомд донтжээ.
  • Гар утас, сошиал медиа хэрэглээ өсөх хэрээр амиа хорлох бодол хоёр дахин нэмэгджээ.
  • Хугацаа бус хэрэглээний хэв маяг сэтгэл зүйд илүү хортой болох нь тогтоогдов.
9–10 настай 4000 гаруй хүүхдийг хамруулсан судалгаагаар гар утас, сошиал медиа, видео тоглоомын хэрэглээ сэтгэл зүйн эрсдэлтэй хэрхэн уялддагийг тогтоосон байна.

Өсвөр насныхны дунд дэлгэцийн донтолт хүчтэй өсч, амиа хорлох бодол, зан үйлийн ноцтой эх сурвалж болж байгааг АНУ-ын дөрвөн жилийн турш хийсэн цогц судалгаа харууллаа. “Weill Cornell” анагаах ухааны сургуулийн профессор Юнью Шяогийн удирдсан баг 9–10 настай 4000 гаруй хүүхдийг хамруулсан судалгаагаар гар утас, сошиал медиа, видео тоглоомын хэрэглээ сэтгэл зүйн эрсдэлтэй хэрхэн уялддагийг тогтоосон байна.

Хүүхдийн дэлгэцийн хэрэглээг ердөө хугацаагаар бус, донтолтын түвшинг илтгэх сэтгэл зүйн шинжээр хэмжсэн нь тус судалгааны гол онцлог. Жишээ нь “утсаа хэрэглэхгүй бол бухимддаг”, “апп-аа орхиж чадахгүй” гэх хариултуудыг шинжилснээр хэрэглээний хэв маяг, хамаарлын гүнзгий байдлыг үнэлжээ.

14 нас хүрэхэд гурван хүүхэд тутмын нэг нь сошиал медиад, дөрөвний нэг нь гар утсанд, 40 гаруй хувь нь видео тоглоомд өндөр түвшинд донтсон байжээ. Түүнчлэн эдгээр бүлгийн дунд амиа хорлох эрсдэл 2–3 дахин өндөр байгааг судлаачид анхааруулж байна. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 18 хувь нь амиа хорлох талаар бодож байсан, 5 хувь нь бодитоор оролдлого хийсэн тухайгаа хэлжээ.

Онцлох дүгнэлт нь дэлгэцийн өмнө өнгөрүүлсэн нийт хугацаа бус, дэлгэцийг ямар зорилгоор хэрхэн хэрэглэж байгааг анхаарах шаардлагатай гэдгийг нотолсон явдал юм. Жишээлбэл, “би сошиал медиаг асуудлаасаа зугтах арга болгож хэрэглэдэг” гэсэн хандлага нь сэтгэл гутралын гол илрэлүүдийн нэг бөгөөд энэ зан үйлтэй хүүхдүүдийн дунд амиа хорлох бодол, сэтгэл зүйн өвчлөл эрс өндөр байжээ.

Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн санал болгосон дүн шинжилгээнүүд ч үүнийг баталж байна. 11–12 настнуудын талаас илүү хувь нь “утсаа хэр удаан хэрэглэж байгаагаа хянаж чаддаггүй” гэж хариулсан бол дөрөвний нэг нь “сошиал медиа апп-ийг асуудлаа мартах зорилгоор ашигладаг” гэжээ.

Эрдэмтдийн үзэж буйгаар дэлгэцийн дон бол зөвхөн хэрэглээний асуудал биш, харин сэтгэл зүйн хямралын гол илрэл болж, хүүхдийн сэтгэл хөдлөл, зан төлөвт гүн нөлөө үзүүлж байгаа шинэ үеийн аюул юм. Эцэг эх, багш, эмч нар энэхүү аюулын дохиог анхаарч, эрт илрүүлж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх нь хүүхдийн амь насыг хамгаалахад шийдвэрлэх үүрэгтэй байна.  

mobile-logo