
Нийслэл Улаанбаатар хотын зүгээс явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах, замын бүтцийн стандартыг сайжруулах зорилгоор Сүхбаатар дүүргийн хэмжээнд 37 мянган ам.метр талбай бүхий явган замыг шинэчлэх ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлэхээр боллоо.
Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон нийслэлийн холбогдох албаныхан өнгөрсөн өдрүүдэд Сүхбаатар дүүргийн зарим байршилд ажиллаж, явган замын нөхцөл байдалтай газар дээр нь танилцав. Тэд замын доголдлыг засварлах, шинэчлэл хийх шаардлагатай байршлуудад тодорхой чиглэл өгч, ажлын явцыг эрчимжүүлэхээр шийдвэрлэжээ.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэгийн мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд тус дүүргийн Тамгын газар, хороодын албаныхан хамтран 1-11 дүгээр хорооны 355 цэгт нөхцөл байдал шалгаж, нийт 37,228 ам.метр талбайд явган замын арчлах шаардлагатайг тогтоосон байна. Эдгээр байршлуудад үе шаттайгаар засвар, шинэчлэл хийнэ. Эхний ээлжинд Бага тойруу болон Их тойруугийн доторх бүсийг хамруулах бөгөөд тус хэсэгт замын налуу, хашлага, хавтангийн асуудлуудыг цогцоор нь шийдэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Спортын төв ордны ар талд байрлах арк хэсэгт автомашины хоёр урсгал замтай ч явган хүний тусгай зам байхгүйн улмаас иргэд, оюутнуудын зорчих хөдөлгөөн хүндрэлтэй байдаг тул тус байршилд шинэ зам байгуулахаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн зураг төсөл боловсруулж эхэлсэн байна.
Үүнээс гадна Энхтайваны өргөн чөлөө дагуух, Арслантай гүүрнээс Баруун дөрвөн зам хүртэлх явган замыг шинэчлэх ажил эхэлжээ. Мөн МУИС-ийн баруун талаас Засгийн газрын ордны зүүн хэсэгт байрлах “Галлериа Улаанбаатар”-ын өмнө, Соёлын төв өргөөний арын явган замд шинэчлэл хийх ажлыг хотын Хөрөнгө оруулалтын газар хянаж, гүйцэтгэгч байгууллагуудад хяналт тавин ажиллаж байна.
Нийслэлээс өнгөрсөн онд нийт 180 км автозамыг шинэчилж, авто замын бүтцэд анхаарлаа хандуулсан бол энэ онд явган хүний замын дэд бүтцийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилтод шилжиж, нийтийн хөдөлгөөний аюулгүй байдалд илүүтэй анхаарч эхэлжээ.