- Гадаад оюутнууд сошиал хаягаа нийтэд ил болгох шаардлагатай болов.
- АНУ-ын эсрэг үзэл, antisemitic агуулга илрүүлэх нарийвчилсан шалгалт хийгдэнэ.
- F, M, J төрлийн виз хүсэгч бүрийн цахим орчныг албан ёсоор хянаж эхэлжээ.

АНУ-ын Төрийн департамент боловсрол болон соёлын виз хүсэгч гадаадын иргэдэд сошиал медиа хаягаа ил тод болгохыг шаардах шинэ журмаа танилцууллаа. Одооноос эхлэн F, M, J ангиллын виз мэдүүлэгч бүр өөрийн цахим сүлжээний идэвхтэй хэрэглээ, нийтлэл, сэтгэгдлийг нээлттэй болгох үүрэгтэй болж байна. Энэ нь визний урьдчилсан шалгалт, ярилцлагын үндсэн хэсэгт багтах бөгөөд АНУ-ын консулын албаныхан тухайн иргэний цахим орчны агуулгыг бүрэн хянах эрхтэй болно.
Шинэ бодлого нь АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангах зорилготой хэмээн албаны эх сурвалжууд тайлбарлаж буй. Тодруулбал, виз мэдүүлэгчийн цахим орчин дахь контент АНУ-ын иргэд, төр, соёл, үндсэн хуулийн үзэл баримтлалд хандсан “дайсагнал”, терроризм, хэт даврагч үзэл, еврейчүүдийн эсрэг үзэл санаа агуулсан сэтгэгдэл, үзэн ядсан бичлэг зэрэг байна уу гэдгийг нарийн нягтлах юм.
Тус журмаар виз мэдүүлэгч зөвхөн өөрийн хэрэглэдэг сошиал платформын жагсаалтыг өгөхөөс гадна, тухайн хаягуудыг “public” буюу олон нийтэд нээлттэй байдлаар тохируулах шаардлагатай ажээ. Ингэснээр Төрийн департаментийн дипломат ажилтнууд ярилцлагаас өмнө виз хүсэгчийн цахим профайлыг урьдчилан нягтлах боломжтой болох юм.
Энэхүү хяналтын тогтолцоог Дональд Трампын засаг захиргаа санаачилж, “АНУ-ын их, дээд сургуулийг аюулгүй орчин болгох” стратегийн хүрээнд хэрэгжүүлж буйг онцолжээ. Мөн сүүлийн саруудад Хятадын оюутнуудад чиглэсэн тусгай хяналт тогтоож, геополитикийн асуудал, технологи, эрдэс баялгийн салбарын маргаантай холбоотойгоор виз олголт хязгаарлагдсан тохиолдол ч гарчээ.
Антисемитизм буюу еврейчүүдийн эсрэг агуулга шалгах заавар нь өмнө нь АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны бодлогын хүрээнд хэрэгжиж байсан ч одоо Төрийн департаментын консулын системд бүрэн нэвтэрч байгаа аж. Гэхдээ энэ нь олон улсын хүний эрхийн байгууллагын шүүмжлэлтэй тулгараад байна. Зарим шинжээчид энэ бодлогыг Израиль-Газын мөргөлдөөнтэй холбоотой шүүмжлэлд хариу барих хэрэгсэл хэмээн дүгнэжээ.
Төрийн департмент уг журмыг олон нийт дэмжиж байгаа гэж үзэж “америкчуудын аюулгүй байдал бол манай Засгийн газрын нэн тэргүүний зорилт” гэж мэдэгдсэн байна. Ийнхүү АНУ-ын боловсролын салбарт суралцах хүсэлтэй гадаад иргэдийн цахим орчныг системтэйгээр хянах шинэ шат эхэлж байна.