bnr-0
Трампын цагаачлалын бодлого дахин чангарав: Монгол иргэдэд эрсдэл нэмэгдүүлж болзошгүй байна
06 сарын 19, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ ферм, зочид буудал, рестораны шалгалтыг сэргээхээр болов.
  • Цагаачлалын албаны өдөр тутмын баривчилгааны зорилт 3000-д хүрч байна.
  • Монголчуудыг хамарч болзошгүй цагаачлалын эрсдэл нэмэгдэв.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас хөдөө аж ахуйн ферм, зочид буудал, ресторан зэрэг салбаруудад явуулж буй цагаачлалын шалгалтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас хөдөө аж ахуйн ферм, зочид буудал, ресторан зэрэг салбаруудад явуулж буй цагаачлалын шалгалтыг үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа. Өнгөрсөн долоо хоногт түр хугацаанд зогсоосон энэхүү ажиллагаа Трампын засаг захиргааны цагаачлалын бодлоготой нийцэж буй бөгөөд цаашид улам эрчимжих төлөвтэй байна.

Тусгай чиглэл бүхий шинэ зааврыг даваа гарагт болсон бүх улсын хэмжээнд цахимаар зохион байгуулсан уулзалтын үеэр танилцуулсан байна. Уулзалтад АНУ даяарх 30 гаруй бүс нутгийн Цагаачлалын албаны удирдлагууд оролцжээ. Үүний дараагаар агентлагууд хуучин заавраа цуцалж, бүх салбарт шалгалтыг хэвийн үргэлжлүүлэхийг даалгасан юм.

Энэхүү шийдвэр нь Ерөнхийлөгч Трампын сошиал сүлжээнд илэрхийлсэн байр суурьтай уялдаж байна. Өнгөрсөн долоо хоногт фермерүүдэд ажиллах хүчний хомсдол үүсэж байгааг ойлгож буйгаа мэдэгдсэн ч, ням гарагт дахин байр сууриа өөрчилж, хууль бус цагаачдыг олноор нь албадан гаргах томоохон ажиллагаа эхлүүлэхээ зарлаад буй юм.

Цагаан ордны цагаачлалын бодлогын стратегич Стивен Миллер шалгалтад хөнгөлөлт үзүүлэх эсрэг байр суурьтай байсан бол Хөдөө аж ахуйн сайд Брук Роллинс уг шийдвэрийн үр дагаврын талаар Ерөнхийлөгчид анхааруулсан талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Цагаачлалын албаны өдөр тутмын баривчилгаа 2000 орчимд хүрээд байгаа бол Трампын баг 3000 хүргэх зорилт тавьсан нь ил болж байна. Үүний тулд ICE буюу Цагаачлал болон Гаалийн хэрэгжилтийн агентлаг томоохон ажил олгогч, үйлдвэрүүдийг чиглэсэн эрчимтэй ажиллагаа явуулах шаардлагатай болохыг шинжээчид онцолж байна. Өмнө нь мах боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын үеэр хэдэн зуун хүн баривчлагдаж байсан туршлага бий.

Хөдөө аж ахуй, хүнс, үйлчилгээний салбарын холбоод сүүлийн хэдэн долоо хоногт Цагаан ордон болон Конгресс руу хандан шаардах бичиг илгээж, цагаачлалын шалгалтыг зогсоохыг хүссээр ирсэн. Учир нь эдгээр салбаруудад ажиллах хүчний хомсдол гүнзгийрч, үйлдвэрлэл доголдох эрсдэл нэмэгдэж буйг бизнесийнхэн анхааруулсаар байгаа. Гэсэн ч түр завсарлагын дараа энэхүү эргэлт буцалтгүй хатуу шийдвэр гарч, бизнесийн орчинд тодорхой бус байдал үүсгээд байна.

АНУ-д амьдарч буй гадаадын иргэдийн дунд Монгол Улсын иргэд ч багтдаг. Албан бус тооцоогоор нийт 45 мянган монгол хүн амьдарч байгаа бөгөөд үүнээс 30 орчим хувь нь хууль ёсны бус оршин суугчид гэж үздэг. Иймд энэхүү шинэ журам нь АНУ дахь монгол иргэдэд цагаачлалын эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй байна.  

mobile-logo