bnr-0
Украинд юу болж байна вэ: Оросын давшилт эрчимжиж, Украины фронтын тэнцвэр алдагдлаа
20 цагийн өмнө
ХУВААЛЦАХ
  • Оросын 50,000 цэрэг Сумын бүсэд төвлөрч, Украины хүчийг 3 дахин давлаа.
  • Украины тал фронтын задарсан хэсгүүдийг элит нэгжээр нөхөж, хамгаалалтыг тогтоож байна.
  • Хил орчмын хамгаалалт хангалтгүй, шинэ байгууламжийг шууд галын дор байгуулж байна.
Украины хойд хил орчмын Сумын бүсэд байлдааны идэвх эрс нэмэгдлээ.

Украины хойд хил орчмын Сумын бүсэд байлдааны идэвх эрс нэмэгдэж, Оросын зэвсэгт хүчин давшилтаа хүч түрэн үргэлжлүүлж байна. Ойролцоогоор 50 мянга орчим оросын цэрэг тус бүсэд байрласан нь Украины байршуулсан хүчнээс гурав дахин олон байгааг цэргийн албаныхан мэдээлжээ.

Энэ давуу байдал нь Оросын стратегийн гол хэсэг бөгөөд тэд олон чиглэлд шахалт үзүүлж, хамгаалалтын сул талыг илрүүлэн давшилт хийж байна. Сумын чиглэл нь Оросын хилээс ердөө 20 км зайтай, стратегийн хувьд ач холбогдол өндөртэй бүс юм. Оросын тал энэ оны эхээр Украины хүчийг Курскийн бүсээс шахан гаргасны дараа эсрэг чиглэлд давшиж эхэлсэн нь энэ бүсийг зорилго болгосныг илтгэж байна.

Украины зэвсэгт хүчний командлал нөхцөл байдалд хариу арга хэмжээ авч, фронтын задарсан хэсгүүд рүү тусгай үүрэг бүхий элит нэгжүүдийг илгээж байгаа ч хамгаалалт хангалтгүй, бэлтгэл дутмаг байгаагаас тогтвортой байдлыг хадгалах хүнд байгаа ажээ. “Тимур” гэх нэртэй Украины тусгай хүчний нэгж Сумын чиглэлд тулалдаж буй бөгөөд зарим чиглэлд Оросын давшилтыг саатуулж, эзэлсэн газруудыг буцаан авч эхэлсэн талаар мэдээлжээ.

Тусгай хүчин өнгөрсөн долоо хоногт Сумын хойд хэсэгт нэгэн тосгоныг эзлэх ажиллагаа явуулах үед Оросын цэрэгтэй шууд мөргөлдөж, долоон цаг үргэлжилсэн тулаанд орсон байна. Энэ байлдаанд тэд үлэмж хохирол амсаагүй ч бүх гишүүд нь доргилт авч, гурван хүн шархадсан гэж тэд мэдээлсэн юм.

Сумын бүсийг хамгаалж буй цэргүүдийн мэдээлснээр, хуучин суваг, дутуу окоп зэрэг сул хамгаалалтын байдал нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа аж. Зарим нэгжүүд шууд галын доор шинэ хамгаалалтын байгууламж ухахад хүрч байгаа бол, зарим чиглэлд огт минажуулаагүй газар нутгаас болж Оросын цэргүүд саадгүй урагшлах боломжтой болжээ.

Украины Батлан хамгаалахын сайд саяхан хийсэн мэдэгдэлдээ Сумын чиглэлд хамгаалалтын бүсийг бэхжүүлж эхэлсэн тухай онцолсон ч уг ажил бодит байдал дээр удаашралтай, аюулыг арилгаж чадахгүй байна хэмээн цэргийнхэн шүүмжилж байна.

Сумын чиглэл дэх байлдаанд Украин хүний нөөцийн дутмаг байдал, хамгаалалтын хоцрогдол гэсэн давхар сорилттой болж, хойд фронтын нөхцөл байдал илт тогтворгүй болжээ. Оросын цэргийн дарамт, Украины хамгаалалтын бэлэн байдлын зөрүү улам нэмэгдэж буй нь ирэх өдрүүдэд нөхцөл байдал улам хүндэрч болзошгүйг илтгэж байна.  

mobile-logo