bnr-0
Бохь зажлахад 3,000 гаруй бичил хуванцар залгидгийг судалгаагаар тогтоожээ
07 сарын 01, 2025
ХУВААЛЦАХ
  • Судалгааны багийнхан таван байгалийн гаралтай, таван синтетик гаралтай 10 өөр брэндийн бохь дээр туршилт хийжээ.
  • Том хэмжээтэй бохь 6 грамм жинтэй байдаг тул нэг удаа зажлахад 3,000 орчим хуванцар ам руу орж болзошгүй.
  • Бохь зажлах эхний хоёр минутад хамгийн их хуванцар ялгардаг.
Нэг грамм бохь дунджаар 100 ширхэг бичил хуванцар ялгаруулдаг.

Нэг ширхэг бохь өөрөөсөө хэдэн зуугаас хэдэн мянган бичил хуванцар ялгаруулж, хүний шүлсэнд шингэж, улмаар залгигдах эрсдэл дагуулж байгааг АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн (UCLA) судлаачид анхаарууллаа.

Судалгааны багийнхан таван байгалийн гаралтай, таван синтетик гаралтай 10 өөр брэндийн бохь дээр туршилт хийжээ. Байгалийн гаралтай бохины үндсэн суурь нь чикле гэх ургамлын гаралтай резин агуулдаг бол синтетик бохь нь нефтийн гаралтай полимер ашигладаг. 

Туршилтад, бохь болгоныг нэг хүн дөрвөн минут зажилж, 30 секунд тутамд шүлсний сорьц авчээ. Туршилтыг брэнд бүр дээр долоон удаа давтан хийсэн байна. Мөн 20 минутын хугацаанд дахин туршилт хийж, бичил хуванцар ялгарлын хурдыг хэмжжээ. 

Сорьцонд агуулагдаж буй бичил хуванцрыг тусгай будгаар будаж, микроскопоор тоолсон бөгөөд тэдгээрийн химийн найрлагыг Fourier-ийн спектроскопийн аргаар тогтоожээ. Гэвч уг аргаар зөвхөн 20 микрометрээс дээш хэмжээтэй хуванцар хэсгүүд илрэх боломжтой тул, бодит тоо үүнээс ч өндөр байж болзошгүй гэж судлаачид онцолсон байна. 

Гол үр дүн:

  • Нэг грамм бохь дунджаар 100 ширхэг бичил хуванцар ялгаруулдаг.
  • Зарим бохь 1 граммдаа 600 ширхэг хуванцар ялгаруулжээ.
  • Том хэмжээтэй бохь 6 грамм жинтэй байдаг тул нэг удаа зажлахад 3,000 орчим хуванцар ам руу орж болзошгүй.
  • Бохь зажлах эхний хоёр минутад хамгийн их хуванцар ялгардаг.
  • Байгалийн болон синтетик гаралтай бохь аль аль нь ижил хэмжээний хуванцар ялгаруулсан бөгөөд нийтлэг найрлагад полиэтилен, полипропилен зэрэг полимер багтаж байв.

Бидний зорилго бол хүмүүсийг айлгах биш. Бид өдөр тутмын амьдралдаа хуванцар хэрэглэж, түүнд байнга өртөж байгааг л судлахыг хүссэн” хэмээн тус судалгааг удирдсан профессор Санжай Моханти дурдлаа. 

Харин уг судлагааны үр дүнд АНУ-ын Чихрийн үйлдвэрлэлийн холбоо хариу мэдэгдэл хийсэн байна. “Бохь 100 гаруй жилийн турш хэрэглэгдэж ирсэн бөгөөд аюулгүй. Манай гишүүн компаниуд АНУ-ын Хүнс, Эмийн удирдах газраас зөвшөөрсөн найрлагыг ашигладаг” хэмээн тус холбоо мэдэгдээд буй.    

mobile-logo