- Энэ оны эцэс гэхэд гадаад худалдаа 4.9 тэрбум ам.долларын ашигтай гарах хүлээлт байна
- Хэрвээ цахилгаан,дулааны тарифыг нэмвэл инфляц оны эцэс гэхэд 6.5 хувьд хүрэх таамаглал гаргажээ.

2024 оны эцэст гадаад худалдааны нийт бараа эргэлт 28.5 тэрбум ам.долларт хүрч,өмнөх оноос 17 хувиар өсөж, худалдааны тэнцэл 4.9 тэрбум ам.долларын ашигтай гарах хүлээлттэй байна. Монгол Улсын Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх,тээврийг оновчтой зохион байгуулах, хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах,уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг өргөтгөх зэрэг арга хэмжээнүүдийн үр дүнд нүүрсний экспорт 78.1 сая тоннд хүрч, нийт экспортын дүн 2024 оны эцэст 16.7 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Түүнчлэн, эдийн засаг сэргэж, хөгжлийн төслүүдийн бэлтгэл ажлыг эхлүүлж, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн эрэлт нэмэгдэж байгаа нь импорт 2024 оны эцэст 11.8 тэрбум ам.долларт хүрч өсөхөөр хүлээгдэж байна. Ийнхүү гадаад худалдаа ашигтай, худалдааны бараа эргэлт нэмэгдэх сайн мэдээ байгаа бол харин инфляц бага зэрэг өсөх магадлал байна. Гэхдээ энэ нь цахилгаан, дулааны тарифыг хөдөлгөсөн тохиолдолд гэдгийг онцолж байна. 2024 оны сүүлийн хагаст улирлын нөлөөгөөр инфляц өсөх хандлагатай байгаа. 2024 оны эцэст эрчим хүч, дулааны тарифыг нэмэгдүүлбэл 2024 оны жилийн дундаж инфляц 6.5 хувь болж бага зэрэг өсөх хандлагатай байна.Инфляц одоо 5.5 хувьтай байгаа.