bnr-0
Tomorrowland фестиваль Шанхайд анх удаа зохион байгуулагдана
07 сарын 07, 2025
ХУВААЛЦАХ
  • Дэлхийн хамгийн алдартай хөгжмийн наадмуудын нэг болох Tomorrowland энэ оны арваннэгдүгээр сарын 22-нд “The Magic of Tomorrowland” шоугаа Шанхай хотод зохион байгуулах гэж байна.
  • Tomorrowland нь анх 2005 онд Бельгийн Бом хотод үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдөр дэлхийн хамгийн нөлөө бүхий, алдартай электроник хөгжмийн фестиваль болон өргөжжээ.
  • Энэ удаагийн Шанхайн шоу нь тус наадмын Хятадад хийх анхны дебют төдийгүй, стадион дотор зохион байгуулагдах анхны нэг өдрийн шоу гэдгээрээ түүхэн ач холбогдолтой юм.
Tomorrowland нь анх 2005 онд Бельгийн Бом хотод үүсгэн байгуулагдсан.

Дэлхийн хамгийн алдартай хөгжмийн наадмуудын нэг болох Tomorrowland энэ оны арваннэгдүгээр сарын 22-нд “The Magic of Tomorrowland” шоугаа Шанхай хотод зохион байгуулах гэж байна. Энэ нь тус наадмын анхны стадион доторх шоу байгаад зогсохгүй, Хятадад зохион байгуулагдах анхны арга хэмжээ болох юм. 

Hero Esports, INS Land, Budweiser компанитай хамтран зохион байгуулах тус шоу нь HERO DOME ордонд болох бөгөөд “Paperworld” хэмээх сэдэвтэй байх аж. Түүнчлэн Tomorrowland-ийн алдартай тайз, технологийн дэвшил, уран сайхны үзэл санааг хослуулсан цогц мэдрэмжийг агуулсан шинэ төрлийн тоглолт байх болно. 

Арга хэмжээний үеэр дэлхийн алдартай DJ нар, олон хөгжмийн урсгалаас бүрдсэн уран бүтээлчдийн бүрэлдэхүүн, мөн дэвшилтэт визуал эффект, тайзны дизайн, түүх өгүүлэмжээр баяжуулсан иж бүрэн мэдрэмжийг үзэгчдэд хүргэх юм. Tomorrowland нь анх 2005 онд Бельгийн Бом хотод үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдөр дэлхийн хамгийн нөлөө бүхий, алдартай электроник хөгжмийн фестиваль болон өргөжжээ. Жил бүрийн долдугаар сард зохион байгуулагддаг тус наадам нь дэлхийн 200 гаруй орноос 400,000 гаруй зочин хүлээн авдаг. Шоу бүртээ уран зөгнөлт ертөнц, сэдэвчилсэн тайз, дэлхийн шилдэг DJ нарын тоглолт, нарийн найруулгатай өгүүлэмж, immersive орчин зэргийг багтаасан байдгаараа ялгардаг. Tomorrowland нь “Нэгдэл, хайр, хөгжим”-ийн философийг түгээх зорилготой бөгөөд өдгөө дэлхий даяар зохион байгуулагдаж буй олон улсын өргөтгөл, төсөл болжээ.

Тус фестиваль жил бүр 3-6 өдөр үргэлжилдэг ба тасалбарын үнэ нь төрөл, багц, бүсээсээ хамаарч ялгаатай байдаг. 2024 оны жишгээр авч үзвэл, ердийн нэг өдрийн тасалбарын үнэ ойролцоогоор 130–150 евро (470,000–540,000 төгрөг), харин гурван өдрийн тасалбарын үнэ нь 295–335 евро (1.1–1.2 сая төгрөг)-ийн хооронд хэлбэлздэг. 

Энэ удаагийн Шанхайн шоу нь тус наадмын Хятадад хийх анхны дебют төдийгүй, стадион дотор зохион байгуулагдах анхны нэг өдрийн шоу гэдгээрээ түүхэн ач холбогдолтой юм. Энэ нь Бельгийн үндсэн фестивалиас цар хүрээ, үргэлжлэх хугацаа, оролцогчдын тоогоор бага тул тасалбарын үнэ мөн адил харьцангуй хямд байх хандлагатай байна. 

Тасалбарын мэдээлэл болон DJ нарын бүрэлдэхүүнийг 2025 оны есдүгээр сард зарлах бөгөөд Tomorrowland-ийн албан ёсны WeChat community-д нэгдэн, мэдээллийг түрүүлж авах боломжтой.   

mobile-logo