bnr-0
Тосонцэнгэлийн дулааны станц бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлжээ
07 сарын 02, 2025
ХУВААЛЦАХ
  • Баруун аймагт хувийн хөрөнгөөр босож буй анхны том чадлын станц ашиглалтад орлоо.
  • Завхан, Говь-Алтайн хэрэглээний 70 хувийг дангаараа хангах боломжтой боллоо.
  • Цаашид 100 МВт хүртэл өргөтгөж, баруун бүсийн эрчим хүчний тулгуур төв болох зорилт тавьжээ.
Тосон станцад үйлдвэрлэсэн цахилгааныг Тэлмэн сумын чиглэлд татсан 110 киловольтын өндөр хүчдэлийн шугамаар дамжуулан төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбосон байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд шинээр баригдсан дулааны цахилгаан станц энэ зунаас эхлэн бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэллээ. 2023 оны хоёрдугаар улиралд бүтээн байгуулалт нь эхэлсэн уг төсөл энэ оны эхээр хагас хүчин чадлаар туршилтын горимоор ажиллаж байсан бол улирлын тохируулга, засвар үйлчилгээний дараа үндсэн горимдоо шилжээд байна.

Баруун бүсийн хувьд хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжиж буй том чадлын анхны цахилгаан станц бол Тосон дулааны станц юм. Төслийн хөрөнгө оруулагч нь Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн үүсгэн байгуулсан GEM групп бол Хятадын MITIME групп гүйцэтгэгчээр ажиллажээ. Монголын талаас төслийг Тосон Энержи ХХК хэрэгжүүлж, компанийн Гүйцэтгэх захирал М.Түвшинбат ажиллаж байна.

Баруун аймагт хувийн хөрөнгөөр босож буй анхны том чадлын станц ашиглалтад орлоо.

 

Тосон станцад үйлдвэрлэсэн цахилгааныг Тэлмэн сумын чиглэлд татсан 110 киловольтын өндөр хүчдэлийн шугамаар дамжуулан төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбосон байна. Үүний үр дүнд Завхан болон Говь-Алтай аймгийн цахилгаан хэрэглээний 70 орчим хувийг дангаараа хангах хүчин чадалтай болсон бөгөөд бүс нутгийн эрчим хүчний найдвартай байдал мэдэгдэхүйц дээшилж эхэлжээ.

 

 

Өмнө нь тухайн бүсийн захын сум, суурин газрууд тогтмол цахилгааны хязгаарлалттай тулгардаг байсан бол энэ жилээс эхлэн ийм хүндрэл гараагүй байна. Төслийн баг станцыг шат дараатай өргөтгөж, 100 мегаваттын хүчин чадалтай болгохоор төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр баруун бүсийн нийт аймгийг найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдэх аж. Мөн ашиглалтад орсноор орон нутагт олон шинэ ажлын байр бий болж, бүсийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж эхлээд байна.   

mobile-logo