- Жефф Безос Венецэд тансаг хурим хийв.
- Аданигийн хүүгийн хуримын үеэр гэр бүл нь нийгэмд 1.2 тэрбум ам.долларын хандив өгчээ.
- Ёслолын хэмжээ бус нөлөөллөөр Аданигийн гэр бүл давамгайллаа.

Америкийн тэрбумтан Жефф Безос саяхан хуримаа хийсэн. Хэвлэл мэдээлэлээр түүний хуримыг “энэ зууны хурим” боллоо хэмээж буй ч Энэтхэгийн тэргүүн чинээлэг эрхмүүдийн нэг Гаутам Аданигийн гэр бүлийн сүүлд болсон хуримтай харьцуулсан тохиолдол ч гарчээ. Хоёр өөр тивд болсон энэхүү хуримуудын аль нь илүү тансаг, эсвэл илүү утга төгс байсан талаар олон нийт сошиал сүлжээнд өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна.
Жефф Безос, сүйт бүсгүй Лорен Санчез нар 2025 оны зургаадугаар сарын 27-нд Италийн Венецэд гурван өдрийн турш үргэлжилсэн сүр жавхлант хуримын ёслол зохион байгуулсан. Хурим нь Сан Жоржио Маджоре арал дээр болсон бөгөөд дэлхийн одод, бизнесийн элит зочид оролцсон байна. “Dolce & Gabbana”-ийн гоёлын даашинз, 30 каратын эрдэнийн бөгж, хөлөг онгоцны парад зэрэг зардлыг нэгтгэхэд хуримын нийт өртөг 50 сая ам.долларт хүрсэн байна.
Харин Энэтхэгийн бизнесмэн Гаутам Аданигийн хүү Жит Адани, сүйт бүсгүй Дива Шах нар 2025 оны хоёрдугаар сард Ахмедабадад хуримаа хийжээ. Гэхдээ уг хуримын хамгийн онцлох үйл явдал нь Гаутам Аданигийн зүгээс нийгмийн сайн сайханд зориулан өргөсөн 10,000 крор рупийн буюу 1.2 тэрбум ам.долларын хандив байсан юм. Энэхүү хандивыг боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн төслүүдэд зарцуулахаар болсон нь Энэтхэг даяар өргөн хүрээтэй нийгмийн талархлыг хүлээжээ.
Жефф Безосын хурим бол тансаг байдал, медиа шоуны хувьд онцлох арга хэмжээ болсон бол Аданигийн гэр бүл оддын тоогоор цөөхөн байж болох ч хандивын хэмжээгээр дэлхийн бизнес эрхлэгчдийн дунд шинэ жишиг тогтоожээ. “Forbes” болон бусад эдийн засгийн шинжээчид тус хандивыг хуримын зардал оруулан тооцвол, түүхэнд байгаагүй өндөр өртөгтэй гэр бүлийн нэгдэл болсон хэмээн онцолж байна.