- 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хороонд барихаар төлөвлөсөн.
- Шалгаруулалтад дотоод, гадаадын нийт 8 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ илэрхийлснээс 4 оролцогч албан ёсоор саналаа ирүүлжээ.
- “Шунхлай Холдинг” ХХК, “Митайм Интернэшнл” ХХК, “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК шалгуур хангаж, хураангуй жагсаалтад багтсан байна.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг болох 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хороонд барихаар төлөвлөсөн.
Энэ хүрээнд нийслэлээс ТЭЦ-5 төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг тавдугаар сарын 26-ны өдөр зарласан юм.
Шалгаруулалтад дотоод, гадаадын нийт 8 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ илэрхийлснээс 4 оролцогч албан ёсоор саналаа ирүүлжээ. Урьдчилсан шатны үнэлгээг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмын дагуу зохион байгуулсан байна.
Шалгаруулалтын дүнд “Шунхлай Холдинг” ХХК, “Митайм Интернэшнл” ХХК, “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК шалгуур хангаж, хураангуй жагсаалтад багтсан байна. Эдгээр компаниуд өнөөдөр дараагийн шатны шалгаруулалтад шаардлагатай баримт бичгүүдийг хүлээн авсан бөгөөд 30 хоногийн дотор төслийн дэлгэрэнгүй саналаа бэлтгэж, ирүүлэх юм.
Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр нийслэлийн эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах, агаарын бохирдлыг бууруулах, ирээдүйн өсөн нэмэгдэх ачааллыг даах дэд бүтцийн чадамжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой гэж үзэж байна.