bnr-0
Цахилгаан тамхинаас үүдэлтэй “попкорн уушги” гэж юу вэ?
05 сарын 07, 2025
ХУВААЛЦАХ
  • АНУ-д өсвөр насны охин нууцаар 3 жил вэйп буюу цахилгаан тамхи хэрэглэсний улмаас "попкорн уушги" хэмээх ховор өвчнөөр өвчилжээ.
  • Энэ өвчин нь уушгины бичил амьсгалын замуудыг гэмтээж, байнгын ханиалгах, амьсгаа давчдах, ядрах зэрэг шинж тэмдгүүд үүсгэдэг аж.
  • Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар цахим тамхинд 180 гаруй төрлийн амт оруулагч химийн бодис хэрэглэгдэж байдаг.
Анагаах ухааны нэршлээр бронхиолитис облитеранс хэмээх энэ өвчин нь уушгины бичил амьсгалын замуудыг гэмтээж, байнгын ханиалгах, амьсгаа давчдах, ядрах зэрэг шинж тэмдгүүд үүсгэдэг аж.

Төрөл бүрийн жимс, чихрийн амттай, өнгөлөг зурагтай цахилгаан тамхи нь залуучуудын дунд түгээмэл хэрэглээ болжээ. Харин хэрэглээнд нэвтрээд удаагүй байгаа цахилгаан тамхи нь шинжлэх ухааны үүднээс ямар хор уршиг дагуулах эрсдэлтэй гэдэг нь бүрэн судлагдаж амжаагүй байгаа юм. Зарим судалгаагаар хортой, зарим нь хор багатай хэмээх мэтгэлцээн одоог хүртэл өрнөж байна. Өөрөөр хэлбэл анхны хэрэглэгчид нь одоо үеийн залуучууд бөгөөд “туршилтын туулай” болж байгаа гэж хэлж болох юм. 

АНУ-д өсвөр насны охин нууцаар 3 жил вэйп буюу цахилгаан тамхи хэрэглэсний улмаас "попкорн уушги" хэмээх ховор өвчнөөр өвчилжээ. Анагаах ухааны нэршлээр бронхиолитис облитеранс хэмээх энэ өвчин нь уушгины бичил амьсгалын замуудыг гэмтээж, байнгын ханиалгах, амьсгаа давчдах, ядрах зэрэг шинж тэмдгүүд үүсгэдэг аж.

“Попкорн уушги” гэх нэршлийн түүх

"Попкорн уушги" хэмээх нэр нь 2000-аад оны эхээр АНУ-д попкорн боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан хэд хэдэн ажилчид уушгины асуудалтай болсон явдлаас үүдэлтэй юм. Тэд үйлдвэрлэлийн явцад диацетил хэмээх химийн бодисоор удаан хугацаанд амьсгалж, уушги гэмтсэн байна. Энэ бодис нь попкорнд цөцгийн тосны амт оруулахад хэрэглэгддэг байсан бөгөөд уушгины хамгийн нарийн замууд болох бронхиолуудыг үрэвсүүлж, сорвижуулснаар агаар дамжих нөхцөлийг хаадаг аж.

Европын Холбоо болон Их Британи диацетилийг цахилгаан тамхинд хэрэглэхийг хориглосон. Мөн хууль бус, хяналтгүй вэйп бүтээгдэхүүн зах зээлд түгээмэл байсаар байна.

Попкорн уушгийг эмчлэх арга байхгүй. Уушги нэгэнт гэмтсэн тохиолдолд, зөвхөн шинж тэмдгийг хянах эмчилгээ л хийгддэг. Үүнд амьсгал тэлэх эм, стеройд, хүнд тохиолдолд уушги шилжүүлэн суулгах ордог. 

Вэйп бүр диацетил агуулдаггүй ч, түүнийг орлуулсан ацетойн, 2,3-пентандион зэрэг бодисууд ч мөн хортой байж болзошгүй.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар цахилгаан тамхинд 180 гаруй төрлийн амт оруулагч химийн бодис хэрэглэгдэж байгаа бөгөөд эдгээр нь халсан үедээ шинээр хувирч, зарим хэсэг нь уушгинд орох үед ямар нөлөө үзүүлдэг нь бүрэн судлагдаж дуусаагүй байгаа юм.  

mobile-logo