- Засгийн газар нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хурааж, төрд нөхөн төлүүлэх зохицуулалт бүхий хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.
- Авлигын түвшин нэмэгдэж, олон улсын үнэлгээнд Монгол Улс байнга ухарч буй тул шинэ хууль нь авлигын эсрэг тэмцлийн үр нөлөөг сайжруулах зорилготой.
- Төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус орлого, хөрөнгийг илрүүлэн хураах, хяналт тавих, нийгмийн хэрэгцээнд ашиглах эрх зүйн суурь тогтолцоог бүрдүүлэхийг хуулийн төсөлд тусгажээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай” хуулийн төслийг хэлэлцэж, Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, Шадар сайд Т.Доржханд, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг өргөн барилаа.
Шинэ хуулийн төсөл нь авлигын замаар олсон орлого, хөрөнгийг төрд буцаан авах, улмаар нийгмийн хэрэгцээнд зарцуулах боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Засгийн газрын үзэж буйгаар одоогийн эрх зүйн орчин нь ийм төрлийн гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхэд хангалтгүй бөгөөд олон улсын үнэлгээнээс ч энэ нь тодорхой харагдаж байна.
“Транспэрэнси Интернэшнл” байгууллагын гаргасан Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 2022 онд 116 дугаарт, 2023 онд 121 дүгээр байрт эрэмбэлэгдсэн нь энэ салбар дахь уналтыг харуулж буй юм. Иймд авлигын эсрэг бодит үр дүн гаргахын тулд хууль зүйн тогтолцоог дахин боловсруулж, тодорхой эрх мэдэл бүхий зохицуулалтыг шинээр бий болгох шаардлагатай гэж үзэж байгаа ажээ.
Хуулийн төсөлд нийтийн албан тушаалтнуудын хууль бусаар олсон хөрөнгийг илрүүлэх, хураах, хадгалах, захиран зарцуулах, улмаар хохирлыг нөхөн төлүүлэх механизмыг шат дараатай тусгасан. Мөн авлигын талаарх мэдээлэл өгсөн этгээдийг хамгаалах, урамшуулах зохицуулалт тусгагдсан нь шинэ зохицуулалт болж байна.
Засгийн газрын тайлбарласнаар, улс төрийн нөлөө бүхий этгээдүүдийн эрх мэдлээ урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэдийн эрх тэгш боломжийг хязгаарлах байдал улам газар авч, нийгмийн салбар бүрд сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтад итгэл сулруулж, төрд итгэх олон нийтийн хандлагыг доройтуулах болсон гэж үзэж буй.
Иймд шударга ёсыг тогтоох, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зорилгоор Авлигын эсрэг багц хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгуулжээ. Тус Ажлын хэсэгт хууль, хяналтын байгууллагын төлөөлөл, мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангаж, олон улсын жишигт нийцсэн шийдлүүдийг боловсруулах чиглэлийг мөн өгсөн байна.